Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-09 15:19:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10 дугаар сарын 8-нд Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээж ашиглалтад оруулах үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Говь-Алтай аймгийн ард иргэдтэй уулзалт хийлээ.


Уулзалтад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нар оролцлоо.

Мөн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Тэрээр "Ажлын байрыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийг төр дэмжин хамтран ажиллах ёстой. Хувийн хэвшлүүд ч шинэ ажлын байрыг нэмэгдүүлж төрийн зарим гүйцэтгэх үүргийг хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй" гэдгийг онцолсон юм.

Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат орон нутагт тулгамдаж буй олон асуудлууд шийдлээ олж байгаад баяртай байна. Орон нутагт  нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгө дутмаг байна. Иймээс Засгийн газраас дэмжин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тодруулбал:

1.Нийт нутгийн 78.0 хувь нь гандуу, зуншлага муу байгаа тул өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Иймд Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын дагуу аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 530.0 сая төгрөгийг,

2. Алтай хотод БНСУ-ын Эксим банкны хөрөнгө оруулалтаар барих дулааны станц байгуулах ажлыг эрчимжүүлэх, дулаан дамжуулах хоёрдугаар хэлхээний 20 км салбар шугамын хөрөнгийг,

3. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Барилгын цэргийн анги байгуулах хөрөнгийг,

4. Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, биологийн цэвэрлэгээ хийх нэвтрүүлэх ажлын хөрөнгийн эх үүсвэр,

5. Нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын бүсийн нэмэгдэл олгох,

6. Төрийн болон орон нутгийн эзэмшлийн нүүрсний орд газар ашиглах асуудлыг шийдвэрлэх,

7. Төрийн Архивын зориулалттай шинэ барилгын хөрөнгийн эх үүсвэр зэрэг аймаг орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулж өгөв. 


Холбоотой мэдээ