Х.Баттулга: Хөвсгөл аймагт уул уурхай биш аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-12 08:19:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймагт энэ сарын 11-нд ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ.

Тэрбээр аймаг орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсон хариулт өглөө. Энэ үеэр иргэд ахмадын тэтгэврийг тэглэсэн нь ард түмэндээ хэрэгтэй үр дүнтэй ажил болсныг онцолж баяр хүргэж байлаа. Монгол Улсын хэмжээнд архины хэрэглээг багасгах талаар үр дүнтэй ажил хийх хэрэгтэй байна. Сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн олон асуудал гарч байна. Төрийн үйлчилгээний жолооч, галч, үйлчлэгч зэрэг хүмүүс тэтгэвэрт гарахад хамгийн доод түвшинд 350,000 төгрөгөөр тогтоогдож байгааг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хөвсгөл аймагт уул уурхайг хөгжүүлэхгүй, төмөр зам татахаар яригдаж буй асуудалд анхаарлаа хандуулаарай  Тариалан сум, Хатгал тосгонд өөрийн биеэр хүрэлцэн очих боломжтой юу зэрэг санал хүсэлтийг иргэд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би аймгуудаар явж ард түмнээ сонсож байна. Олон тулгамдаж буй асуудал байна. Хөвсгөл аймгийн хувьд чухал онцлогтой. Бид аймгийн Засаг дарга Л.Ганболдтой хамтран уул уурхайг биш аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого төлөвлөлт гарган ажиллаж байна. Цаашид аялал жуулчлалыг стандартын дагуу хөгжүүлэх болно гэдгийг онцолж байлаа. Мөн бэлчээрийн даац хэтэрч байгаа, архины хэрэглээ, ажлын байр байхгүй зэрэг олон хүндрэл гарч байгааг ойлгож байна. Төр засгийн зүгээс ч та бүхний өмнө тулгамдаж буй асуудалд онцгой анхаарч ажиллах болно гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Мөрөн хотод алдарт эхийн одонг 500 гаруй эхчүүдэд гардуулах ажээ.


Холбоотой мэдээ