АНУ-ын шүүхэд Рио Тинто компанитай холбоотой шинэ нэхэмжлэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-16 19:22:49

СИДНЕЙ. /Australian Financial Review/. АНУ-ын шүүхэд Рио Тинто компанитай холбоотой шинэ нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн хариуцагчаар “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын албанаас чөлөөлөгдөж байгаа Жан Себастьян Жак, тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Сойрат нарыг “Рио Тинто” компани болон Оюу Толгой төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй охин компани болох "Туркойз Хилл"-ийн хамт татсан байна. Тэднийг компанийн төслийн өртөг, ашиглалтын хуваарийн талаар илт худал, төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэж буруутгажээ. 


Нэхэмжлэлийг “Рио Тинто”-гийн ажилтан Ричард Боулигийн Лондоны шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлд үндэслэн гаргажээ. Тэрбээр 2018 оны аравдугаар сард зах зээлийн нөхцөл байдлын талаарх урьдчилсан таамаг гарахаас 74 хоногийн өмнө төслийн зардал өсөж буйг “Рио Тинто”-гийн удирдлагуудад сэрэмжлүүлсэн байна. Тухайн үед Сойрат хөрөнгө оруулагчдад төслийн ажил "төсөв, хуваарийн дагуу" явагдаж байгаа гэж мэдээлж байжээ.


2015 онд Оюу Толгойн далд уурхайн өргөтгөлийн ажилд 5.3 тэрбум ам.доллар (7.4 тэрбум доллар) зарцуулна гэж тооцоолж байсан боловч 2017, 2018 онуудад геологийн нөхцөл байдлаас үүдэн ажил удааширч эхэлсэн гэж мэдээлсэн байна.


Үүнээс хойш төслийн өртөг 6.8 тэрбум орчим ам.доллар болж өссөн бөгөөд 2015 онд төлөвлөснөөс бараг хоёр жилийн дараа дуусах юм.


Зардал нэмэгдэж, төлөвлөгөөт хугацаа хоцорсны улмаас Монголын уурхайн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанид өргөтгөлийг дуусгахад хангалттай хөрөнгөгүй болжээ.


“Рио Тинто” компани нь “Туркойз Хилл”  компанийн 50.79 хувийг эзэмшдэг бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгө босгох замаар санхүүжилтийн асуудлаа шийдэхийг хэлж зөвлөж  байжээ. Хэтийн төлөвтэй холбоотой “Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн болгоомжлол 2019 онд компанийн хувьцааг огцом унагахад хүргэсэн байна.


“Рио Тинто”, "Туркойз Хилл" компаниудын удирдлагууд илэрсэн зөрчлүүдийг нууцалсны улмаас “Туркойз Хилл”-ийн хувьцааг "зохиомлоор өсгөсөн үнээр" худалдаж авахад хүрсэн гэж Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэрбээр 2019 оны эхний хагаст 167 ам.доллартой тэнцэхүйц “Туркойз Хилл” компанийн хувьцааг худалдаж авч байжээ.


Антони Франчи нэхэмжлэлээ  2018 оны долоодугаар сарын 17-ноос 2019 оны долоодугаар сарын 31-ний хооронд “Туркойз Хилл” компанийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын өмнөөс гаргасан байна.


Өргөдөл гомдлын ихэнх нь 2018 оны хоёрдугаар хагаст “Рио Тинто” компанийн хийсэн мэдээлэлтэй холбоотой бөгөөд тодруулбал ноён Сойрат 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Оюу Толгойн төсөл “төсөв, хуваарийн дагуу” явагдаж байна гэж мэдээлжээ. 


Ийм мэдээлэл өгснөөс хойш хоёр долоо хоногийн дотор “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компаниуд ажлын явц удааширч болзошгүйг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.  


Эхэндээ компанийн удирдлагууд үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй боловч зах зээлийн мэдээллийг хэд хэдэн удаа тодруулсны дүнд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны наймдугаар сарын хоорондох хожимдсон хугацаа, зардлын талаар аяндаа тодорхой болжээ.


“Рио Тинто” болон “Туркойз Хилл” хувьцааны үнийг унагахгүйг хүссэнээс гадна Монголын Засгийн газартай "хүнд байгаа" харилцаагаа хамгаалахын тулд төслийн бэрхшээлтэй холбоотой үнэнийг нуун дарагдуулах сонирхолтой байсан гэж нэхэмжлэлд мэдэгдсэн байна.


Монгол Улс уг төслийн 34 хувийг эзэмшдэг боловч бүтээн байгуулалтын ажлаа санхүүжүүлэх боломжгүй байгаа бөгөөд олборлолтыг эхлүүлж, ард иргэдийнхээ баялгийг өсгөх зорилготой байгаа юм.


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд