Иргэдийг өөрт хадгалагдаж буй соёлын биет өвүүдийг бүртгүүлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-20 14:04:49

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт 2020 оны эхний хагас жилд гарсан нийт гэмт хэргийн 60 хувь нь Улиастай суманд үйлдэгдэж байгаа талаар аймгийн Прокурорын байгууллагаас мэдээлэв.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Тус аймагт ихэвчлэн гардаг гэмт хэрэгт иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс анхаарвал зохих асуудлууд байна. Тухайлбал сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гандан хийдүүд болон иргэдийн гар дээр өв уламжлагдан ирсэн соёлын биет өв болох бурхан шашны, дахин давтагдашгүй үнэт зүйлүүд хулгайд алдагдах тохиолдол нэлээдгүй гардаг. Үүний улмаас тухайн алдагдсан бурхан шашны үнэт эд зүйл болох бурхан, судар, шашны эд зүйлүүдийг үнэлэхэд хүндрэл бэрхшээл гарах тохиолдол их гарч байна. Зарим иргэдийн гар дээр болон сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа XV-XIX зууны үед хэрэглэгдэж байсан соёлын биет өвүүд хулгайд алдагдаж, тухайн өвүүдийг эрэн сурвалжлах. Үнэлгээг гаргахад хүндрэл үүсдэг. Учир нь иргэд болон хуулийн этгээдүүд дээрх соёлын биет өвүүдийг Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33, 40 дүгээр зүйлүүдэд заасны дагуу бүртгүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эрхээ хамгаалж байх нь зүйтэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Үйлдэгдэн гарч буй хулгайн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр албан хаагчид болон иргэд олон нийтийг татан оролцуулах. Хөршийн холбоогоо сайжруулах, гэр, орон сууцны хороолол гудамж талбайг камержуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.

 Хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг өглөөний 06-23 цагт үйлдэгдэж байна

Тус аймагт гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын эсрэг гэмт хэргээс 47 буюу 49.4 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцдоггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог. Хэт ядарсан, нойрмоглосон үедээ жолоо барьдаг, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийдэг. Анхаарал болгоомжгүй байдал, эсрэг урсгалд орох зэргээс шалтгаалж үйлдэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацааг судалж үзэхэд ихэвчлэн 06-23 цагийн хооронд байгаад анхаарч Цагдаагийн байгууллагаас замын хяналт шалгалт, пост, эргүүлийг ажиллуулахдаа цаг хугацааг тооцоолж байх шаардлагатай гэж Прокурорын газраас зөвлөж байна. Ер нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журам зөрчсөн гэмт хэргийн ихэнх нь орон нутгийн зам, тэр дундаа шулуун замд үйлдэгдэж байна. Иймд жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэн хурдаа тохируулж, өөрийн болоод бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх, яаралгүй тайван замын хөдөлгөөнд соёлтой оролцмоор байгаа юм. Дээрх хууль, дүрэм, журмуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, тээврийн хэрэгслээ эвдэж сүйтгэн эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй, жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд нийгмийн сэтгэл зүйг эмзэглүүлсэн уур амьсгал бий болгож байна гэв.

Холбоотой мэдээ