Аймгийн хэмжээнд 50.0 гаруй мянган толгой малд үзлэг ангилалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-21 15:25:47

Архангай /МОНЦАМЭ/. Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд 17 мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийг шинээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэгжүүдээр дамжуулан улсын төсвийн хөрөнгөөр 11.0 мянган толгой үржлийн малд, төсөл хөтөлбөрийн орон нутгийн хөрөнгөөр 40.0 толгой малд, аймгийн хэмжээнд нийт 50.0 гаруй мянган толгой малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ нь цөм сүргийн малын тоо толгойг нэмэгдүүлэн орон нутагт шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч мал бойжуулан малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах боломжийг бүрдүүлж байна.

Мөн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ, Грефорд, Симентал үүлдрийн үхрийн гүн хөлдөөсөн үрээр 38 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийж, мөн Суффолк, Эдельбай үүлдрийн хуцны үрээр 300 толгой хонинд зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулаад байна.

Мал үржүүлэг технологийн нэгжтэй хамтран Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан сумын зарим малчны 2000 толгой эр хургыг төөнүүрийн аргаар хөнгөлөн, бордож богино хугацаанд амьдын жинг нэмэгдүүлэн зах зээлд борлуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мөн бэлчээрийн даац ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ онд нийт бог малын хээлтэгчийн 80 хувийг хээлтүүлэгт оруулахаар төлөвлөн зохион байгуулж байна. Хээлтүүлгийн үед 1 хуцанд 74 эм хонь, 1 уханд  61 эм ямаа ногдож байгаа нь хээлтүүлэгч мал шинээр бойжуулах шаардлагатайг харуулж байна.

Холбоотой мэдээ