Торгоны замтай холбогдох суурь тавигдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДОйрын өдрүүдэд Ховд аймагт Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам, баруун бүсийн авто зам хөгжүүлэх төслийн нээлтийн ажилагаанууд болж, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл бусад талууд оролцосон томоохон үйл явдлууд өрнөлөө.
Түүний нэг “Баруун бүсийн босоо тэнхлэгийн 189,7 км авто зам”-ын төслийн багц CW 1-2 болох “Шурагийн гүүрнээс Ховд хот хүртэлх 53,9 км авто замын ажил”-ыг эхлүүлэх нээлтийн ёслол энэ оны 9 дүгээр сарын 22-ний өдөр Ховд хотод боллоо.
Тус арга хэмжээнд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж, Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат, Буянт сумын Засаг дарга Ч.Нэргүй, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлах Ч.Энхжаргал, Төслийн зохицуулагч Б.Бямбажав болон гүйцэтгэгч компаний төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн 189,7 км авто зам”-ын төслийн багц CW 1-2 болох “Шурагийн гүүрнээс Ховд хот хүртэлх 53,9 км авто замын ажил”-ыг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Эйч Кэ Би интернэшнл холдинг компани хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.
Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан ”Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьснаар Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээрээ дамжуулан ОХУ, БНХАУ-ыг авто замаар холбох төдийгүй манай улсын баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, хөрш зэргэлдээ улсуудын дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг хамгийн дөт замаар хийх боломжийг бүрдүүлж байна. Эртний түүхтэй Ховд хот 330 жилийн өмнө гүйцэтгэж байсан түүхэн үүргээ дахин гүйцэтгэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл Ховд хотоор дайран өнгөрч буй энэ зам нь Алс дорнод, торгоны замыг холбосон хамгийн дөт зам болж байгаагаараа онцлогтой” гэв.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд