Ч.Хүрэлбаатар: Өрийн тааз хүртэл 12 хувийн нөөц байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-21 18:25:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.


COVID-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна. Ийм үед Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах ажилд зориулан 10 тэрбум ам.доллароор санхүүжих хөтөлбөрийг баталж, 2020 оны дөрөвдүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ.



Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй COVID-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлыг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын дээрх Зээлийн хэлэлцээрийг байгуулжээ.


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Т.Доржханд нар Сангийн сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, "Манай улс 2014 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орон болж орсноос хойш ямар нэг зээл аваагүй. Тус банканд манай улс 0.3 хувийн саналын эрхтэй бөгөөд хувь хэмжээнд ногдох нийт 8.2 сая ам.долларыг таван жилийн хугацаанд тав хувааж төлж барагдуулсан. Засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг чухалчилж байгаа. УИХ-аас баталсан дунд хугацааны өрийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна. 2016 онд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувь байсан бол 2020 оны есдүгээр сарын байдлаар 57.2 хувь болж буурсан. Өрийн таазыг хуульд заасан босгоос хэтрүүлэхгүй байх зарчмыг мөрдөж байгаа, одоогоор 57.1 хувьтай, цаана нь 12 хувийн нөөц байна гэдгийг хэллээ. Мөн өндөр хүүтэй, богино хугацаатай бондыг нэг ч удаа аваагүй, арилжааны банкуудаас ч зээл аваагүй гэдгийг тодотгов.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ