Өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-22 22:44:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулж байна. Сүүлийн гурван жил дараалан хэрэгжүүлж буй эл ажлын хүрээнд энэ удаа гэр хорооллын 40 айлаас усны дээж авчээ.

Дээжийг 300 үзүүлэлтээр шинжилсэн байна. Шинжилгээний дүнд химийн шинжилгээний 95 хувь, нян судлалын шинжилгээний 20 хувь нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй гарчээ. Тухайлбал шинжилсэн худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон нь илэрсэн байна.


Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг төдийгүй, ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас болж өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог байна. Түүнчлэн ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог аж. Иймээс усыг удаан хадгалахгүй, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэхийг анхаарууллаа. Ингэснээр гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ хэмээн аймгийн МХГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ