Шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-28 10:51:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт Сүхбаатар аймагт болж байна. ОБЕГ, ЭМЯ, ДЭМБ, МХЕГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж буй уг сургалт 21 аймагт болох бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

Сургалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Харин Сүхбаатар аймгаас мэргэжлийн анги, албадууд хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрийг хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулж, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллан, эрсдэлийг бууруулах нь сургалтын гол ач холбогдол.

Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед сонор сэрэмжээ бууруулалгүй, харин ч бэлтгэл бэлэн байдлаа илүү сайн хангаж ажиллах нь чухал гэдгийг сургалт зохион байгуулагчид онцолж байлаа. Ялангуяа Сүхбаатар аймгийн тухайд эрсдэл өндөртэй бүс нутаг. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн цагаас хойш хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийлгэхэд хоёуланд нь өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байдаг. Гол шалтгаан нь олон улсын боомттой холбоотой. Одоогоор Бичигт боомтоор газрын тос болон нүүрсний тээвэрлэлтийг өдөр бүр хийж байна. Энэ нь өөрөө олон эрсдэлийг дагуулж байгааг анхааруулж байгаа юм.

Боомтын нөхцөл байдлын талаар аймгийн МХГ-ын дарга М.Өлзиймөнхөөс тодруулахад, Бичигтийн боомтоор 06 дугаар сарын 16-наас газрын тосны тээвэрлэлт эхэлсэн. Өдөрт 45-55 машин, 08 дугаар сарын 28-наас нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эхэлсэн, өдөрт 15-17 машин гээд дунджаар боомтоор өдөртөө нийт 70 гаруй машин нэвтэрч байна. Бид түр функтээр авто машиныг ариутгах, жолооч болон тээврийн хэрэгслийн ариутгал халдавргүйтгэлийг тогтмол хийх, тандалт судалгааны ажлуудыг хийж байна. Тулгарч буй бэрхшээлийн хувьд ариутгалын түр функт нь хүйтний улиралд царцаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байх эрсдэл бий. Тиймээс цаашид үүнийг байнгын ажиллагаатай болгох шаардлагатай. Одоогоор МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу өвлийн улиралд ариутгалыг хуурай аргаар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн боомтод байнгын их эмч зайлшгүй шаардлагатай байна. Мэргэжлийн их эмчгүйгээс үүдэн холбогдох зарим арга хэмжээнүүд орхигдох нөхцөл байдал үүсэж байгаа гэв.


Харин аймгийн Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгийн хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг өөрсдийн түвшинд сайн гүйцэтгэж ирсэн. Материаллаг бааз хангалтгүй байсныг улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэж чадсан. Харин цаашид эрсдэлээ бууруулах, түүнийг таслан зогсоох арга хэмжээнүүдийг шат дараатай авах ёстой гэдгийг холбогдох албаныханд уламжилж байна гэлээ.

Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээгээр тус аймаг нийт 44,3  сая төгрөгийн өртөг бүхий нэг сарын эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисын нөөцтэй байна. Тусгаарлах болон ажиглах байрны 687 ор, 700 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэсэн. Баруун-Урт суманд тусгаарлан ажиглах есөн байр бэлэн байна.

 

 

 

Холбоотой мэдээ