Махкомбинат өдөрт 90 тн мах боловсруулж байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-29 08:58:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Махкомбинат ид ачааллынхаа үед өдөрт 90 тн мах боловсруулж байжээ. Монгол Улсын аж үйлдвэрийн эрин үеийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү томоохон байгууллагын түүхт 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Болгар улсын техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаатайгаар ардын армийн 030 дугаар ангийн барилгачин дайчдын хүчээр 1966 оноос тус махкомбинатыг барих ажил эхэлж, 1970 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үедээ хамгийн боловсронгуй машин, тоног төхөөрөмжөөр хангагдсан энэхүү үйлдвэрт 13 аймаг, Улаанбаатар, Дархан хотоос 600 гаруй ажилчин элсүүлж, улсаас орон байр, ажиллах нөхцөл боломжоор хангаж байв. Монгол орны өнцөг булан бүрээс 350 гаруй ахмад ойн баяртаа зорин иржээ.

Монгол Улсын Засгийн газраас 1992 онд гаргасан тогтоолоор “Дорнод” компани болгон өөрчилж, үйл ажиллагаа нь удалгүй зогсонги байдалд орсон юм. Тус үйлдвэрт ажиллаж байсан 300 гаруй ахмад харьяалалгүй байна. Тэд цаашдын үйл ажиллагаанд нь санаа зовниж буйгаа энэ үеэр илэрхийлж, үйлдвэрийн зарим хэсгийг засварлан арьс шир, ноос, нөөцийн махны агуулах байгуулах зэргээр ашиглах боломжтой гэсэн санаагаа аймгийн удирдлагад танилцуулж байлаа. 

Холбоотой мэдээ