“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-03 12:28:14

Ховд /МОНЦАМЭ/. “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймагт зохион байгуулсан “Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа.  

Тус уралдааны зорилго нь олон угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалахад чиглэж байв. 

Уралдааны үндсэн үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, БСУГ, ГБХЗХГ хамтран энэ оны есдүгээр сарын 24-28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой. 

Тус уралдаанд ардын билэг зүйн аман зохиолыг өвлөн тээгч 15 ардын авьяастан оролцсон байна.

Оролцогчид угсаатны хэл, соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн аялга, дуудлагыг тодотгон харуулсан харилцан яриа, өгүүлэмж, ардын дунд түгсэн аман зохиол, түргэн хэллэг, хошин яриа зэргийг зохиомжлон олон нийтэд сонирхуулжээ.   

Ингээд уралдааны тэргүүн байрт “Захчин угсаатны аман яриа” Манхан сумаас оролцогч М.Цэндхорлоо, дэд байрт Дөрвөн угсаатны аман яриа “Бага насны дурсамж” Дөргөн сумаас оролцогч С.Дэжид, Э.Буянтогтох нар шалгарлаа.

Харин гутгаар байрт “Урианхай эхнэрийн яриа” Жаргалант сумаас оролцогч С.Хоролсүрэн, тусгай байрт “Дөрвөд аман яриа” Жаргалант сумаас оролцогч Т.Амартайван тус тус шалгарав.

Мөн цахим орчинд хамгийн олон хандалт авсан өвлөн уламжлагчаар Дөрвөд угсаатны бэлэг дэмбэрлийн үг Дөргөн сумаас оролцогч Б.Төвсайхан шалгарч шагналаа гардан авсан юм. 

“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд боллоо. Үүнд аймгийн удирдах ажилтнууд, салбарын мэргэжилтэн, ардын авьяастнуудын төлөөлөл оролцсон. 

Ховд аймгийн хэмжээнд угсаатны хэл аялгууг төрөлх чанараар нь хадгалж, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлагч 170 гаруй хүн бий гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.    

Ховд аймагт урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, казах зэрэг 13 угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны аж байдал, өв уламжлал, хэл аялгуу, соёл, ёс заншил, сэтгэлгээ давтагдашгүй өөр өнгө төрхтэй. Иймээс цахим уралдаан нь соёлын үнэт зүйлийг бий болгох, сурталчлан таниулах, хүртэх, эзэмших, хадгалан хамгаалах орчин нөхцөл бий болгож, хүүхэд, залуу үеийг оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач тустай аж.  


Холбоотой мэдээ