Чехийн эмнэлгүүдэд коронавирустэй өвчтөнүүдийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-11-03 13:23:31

ПРАГА. /RIA Novosti/. Чех улсын эмнэлгүүдэд коронавирустэй өвчтөнүүдийн тоо 10 дугаар сард 1028-аас 7 дахин нэмэгдэж, 7486 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


"Өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд бага зэрэг буурч байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо, тэр дундаа хүнд өвчтэй хүмүүсийн тоо өссөөр байна. 10 дугаар сарын 27-нд эмнэлэгт хамгийн олон буюу 15663 өвчтөн бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 7486 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.


Чехийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар тус улсын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын нийт орны 27 хувь нь, амьсгалын аппараттай тасгуудын 44 хувь нь, хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж бүхий тасгуудад 32 хувь нь сул байгаа аж.


Засгийн газрын гишүүд, Эрүүл мэндийн яамны удирдлагууд дээрх тасгуудын ачаалал ихсэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгааг өмнө мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Прага, Брно хотуудад хээрийн эмнэлгүүдийг яаралтай барьж, эмнэлгийн нэмэлт тоног төхөөрөмж, ялангуяа амьсгалын аппаратуудыг гадаадад захиалсан байна. Даваа гарагт Чехийн гал сөнөөгчид Германы эрх баригчдын Чехийн эмнэлгүүдэд хандивласан амьсгалын 100 аппаратыг Дортмунд хотоос авчирчээ.


Үүний зэрэгцээ коронавирусний халдвар авсан эмч нарын тоо нэмэгдэж байгааг Чехийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Даваа гаргийн орой гэхэд эмч, сувилагч, асрагчдыг оруулаад халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын тоо 15907-д хүрсэн байна. Үүнээс гадна, “COVID-19”-ийн халдвар авсан хоёр эмч өнгөрсөн долоо хоногт нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш Чехэд коронавирусний халдвараар 5 эмч, 5 сувилагч нас барсан байна.  


Холбоотой мэдээ