Ажлын багийнхан Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-07 11:51:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд энэ сарын 6-нд боллоо. Тус хуралд ЗТХ-ийн Сайдаар ахлуулсан ажлын баг оролцлоо.

Тус ажлын баг Улсын Онцгой комиссын удирдамжийн дагуу Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа бөгөөд Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар ирээд байгаа юм. Өргөтгөсөн хуралдаанд аймгийн Онцгой комиссын ажлын багийн ахлагч нар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Аймгийн Онцгой комисс Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Алтанбулаг хилийн боомтоор нийт 27 орны 42055 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлээд байгаа ажээ. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэд болон хууль ёсны оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийг зохион байгуулалттай татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран найман удаа зохион байгуулсан байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа Олон улсын ачаа тээврийн жолооч нараас “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол 10 дугаар сард хамгийн их буюу 14 байгаа бол 11 дүгээр сар гараад 6 хүнээс илрээд байгаа тухай энд мэдээллээ.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор боомтын улаан бүсэд ажиллаж байгаа алба хаагчид улирлын хувцсанд шилжсэн тул хамгаалах комбинзон багтахгүй задрах, резинэн бээлий гар хайрах, урагдах, усны гутал хайрч даарсны улмаас алба хаагчид өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Мөн жолооч нарын биеийн халууныг хэмжих багаж царцаж буруу заах, ажиллахгүй байх үзэгдэл гарсаар байгаа гэнэ. Түүнчлэн гадаад жолооч нар асуумж судалгаа өгөхөөс цааргалах, үнэн зөв мэдүүлэхгүй байх, гадна ариутгал халдваргүйтгэл хийхэд багаж, ариутгалын бодис царцан хөлдөх зэрэг эрсдэл энд үүсээд байгаа аж. Энэ бүхнээс үүдэн ажиллах боловсон хүчний хомсдол гарч эхлээд байгаа гэв.

Тодотгон хармаар нэг мэдээлэл бол Алтанбулаг боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үзүүлэлт. Гаалийн газрын 10 дугаар сарын мэдээгээр нийт нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний 49 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байсан байна. Энэ хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг өндөг, жимс, чихэр шоколад, шар айраг, гахайн мах, цэвэр ус, зайрмаг, сүүн бүтээгдэхүүн, шарсан төмс, тахианы мах эзэлж байжээ.

Хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирусний халдвар илрэх байдал улам бүр нэмэгдэж байгаа тул энд ажиллаж байгаа алба хаагчдаа, ард иргэдээ хамгийн түрүүнд бодож байна. Хөрш зэргэлдээ Хиагтын районд байдал ямар байгааг бид өдөр бүр сонсож байгаа. Манай алба хаагчид өндөг, жимс, чихэр шоколад, зайрмагийг оруулж ирэхийн тулд цаг наргүй, гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй энэ вирусийг тээгээд явж байгаа гадны жолооч нартай нүүр тулан ажиллаж байна. Эдгээр бүтээгдэхүүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хэмжээний зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүн мөн үү? Гаднаас өчнөөн их эрсдэл тээн ийм бүтээгдэхүүн оруулж ирэх хэрэгцээ яг өнөөдөртөө байна уу үгүй юу? Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирэхийн тулд төрөөс ямар хэмжээний зардал гаргаж, хэчнээн хүмүүс ажиллаж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Тэвчиж болох зүйлээ тэвчье. Тэгэхдээ нэг зүйлийг манай аж ахуйн нэгжүүд ойлгоорой. Бидний зүгээс аж ахуйн нэгжүүдтэйгээ сөргөлдөж, бараа бүтээгдэхүүнтэй нь дайн зарлаад байгаа юм биш ээ. Ганцхан эрсдэлтэй бүсээс орж ирж байгаа тэр жолоочийг л оруулахгүй гэж байгаа юм. Үүнийг л зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ жолооч нарын дунд монгол хүмүүс ч бий. Тэр хүмүүсийг ар гэрээ тэжээхийн тулд ийм эрсдэлийг тээн явж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ, муугаар бодоход тэр жолооч халдвар аваад ирвэл яах вэ? Ар гэрт дагаад өнөөдрийн эрсдэлээс илүү их эрсдэл ирнэ гэж харж байна. Хөрш Хиагтын бодит байдал үнэхээр хүнд байна. Өдөрт хэдэн арваараа халдвартай хүмүүс нэмэгдэж байна. Тиймээс энэ хэсэгхэн цаг хугацааны асуудлыг манай аж ахуйн нэгжүүд, ачаа тээврийн жолооч нарын ар гэр маш сайн ойлгож ухамсарлаарай. Дахин хэлье энэ байдал бол цаг хугацааны л асуудал. Удаан хугацаанд үргэлжлэхгүй гэж найдаж, харж байгаа.

Сэлэнгэ аймгийн тариаланчид Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг жинхэнэ утгаараа нуруун дээрээ үүрч яваа хүмүүс. Өнөөдөр манай аймаг тариа будаагаа хураагаад дуусчихлаа. Бид биелүүлэх ёстой төлөвлөгөөгөө биелүүлсэн. Хүнсний ногоогоо ч тарьж ургууллаа. Одоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжье. Бид бүхэн ачаа тээврийг Сүхбаатар боомтоороо вагоноор авъя. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа авто машинуудыг оруулахгүй, ачаа тээврийг түр хугацаагаар зогсоох саналтай байна. Харин эх орон руугаа орох хүсэлттэй иргэдийн төлөвлөгөөт татан авалтыг бол бид ямар ч нөхцөлд гүйцэтгэж чадна” хэмээн мэдэгдлээ. Ажлын багийнхан авто замын Алтанбулаг боомт дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.


Холбоотой мэдээ