Усжуулалтын байгууламжид боогдсон загаснуудыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-11 09:49:33

Дорнод /МОНЦАМЭ/. Усжуулалтын байгууламжид боогдсон загаснуудыг авран хамгаалжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байрлах Шаазан нуур буюу иргэдийн хэлж заншсанаар Казахын нуурын усжуулалтын байгууламжид боогдсон загасыг нууранд нь амжилттай шилжүүлэн тавьжээ.

Хар галуу нуурын эргээр олноор эргэлдэх болсон талаар нутгийн иргэд сумынхаа байгаль хамгаалагчид мэдэгдсэний дагуу шалгаж үзэхэд тариалангийн усжуулалт хийдэг байсан уг байгууламжийн доор их хэмжээний загас хашигдсан байжээ. Мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Бүсийн төв Онцгой байдлын газрын аврах бүлэг, Баянтүмэн сумын удирдлага, иргэд, цэргийн дүйцүүлэх албаны залуус, Л.Энхболд тэргүүнтэй Дорнод Спорт Загасчлалын Холбооны 20 гаруй гишүүн хамтран ажилласан байна. Нийт мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, амарын сугас зэрэг дөрвөн төрлийн  5-8 тн буюу 300-400 мянган загас жараахай байгаа гэж тооцоолсон гэв.

Энэ жил Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор Шаазан нуурын ус ч мөн адил ихэсчээ. Загаснууд тус байгууламж доор байрлах 7 метрийн гүнтэй дулаан усанд түрсээ шахсан байна. Намар болж ус татрахад байгууламжийн давхар хаалтаас шалтгаалж эргээд нуурын ус руу орох боломжгүйгээр боогдсон гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав хэллээ. Усжуулалтын байгууламж доорхи усан сан 600 тн-ын багтаамжтай, 7 метр гүн учраас эхний ээлжинд 4 ус шахах помпоор усыг гадагшлуулж дотор талд нь хүн орж загаснуудыг дээш хувингаар зөөж, бөөнд нь машинд ачиж нуур руу шилжүүлэн тавих ажлыг хийсэн аж.

Холбоотой мэдээ