Усан спорт сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Улиастайд болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-11-09 18:46:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн усанд сэлэлтийн тамирчид өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртжээ.

Усанд сэлэлтийн 29 дэх удаагийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Сүхбаатар аймгийн Баруун урт суманд болжээ. Тус тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон таван аймгаас 21 клубийн 231 тамирчин оролцсон байна. Харин Завхан аймгаас 8-14 насны 12 тамирчин амжилттай оролцож гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Мөн таван тамирчин усан спортын хоёрдугаар зэрэг, гурван тамирчин усан спортын гуравдугаар зэргийн болзол хангалаа. Ингэснээр нийт 21 клубээс Завхан аймгийн баг тамирчид тавдугаар байрт шалгарлаа гэж Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн ОНӨТҮГ-ын усанд сэлэлтийн ахлах багш, дасгалжуулагч Т.Цэрэнлхам мэдээлэв.


Ташрамд Энэ сарын 14-ний өдөр Улиастайд усан спорт сонирхогч, насанд хүрэгчдийн  “Мастерс”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Завхан аймгаас найман тамирчныг бэлтгэж байна. Мастерсийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот 21 аймгийн клубүүдээс оролцох баг тамирчдын бүртгэл хийгдэж байгаа ажээ.

13 мянга гаруй хүүхэд, залуучууд усан спортоор хичээллэж байна

Усанд сэлэлтийн 29 дэх удаагийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн баг тамирчдыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Завхан аймагт 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орж, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийснээс хойш мэргэжлийн чадварлаг багш нарын удирдлага дор хүүхэд, залуучууд усан спортоор идэвхтэй хичээллэж байна.

Үр дүнд нь Завханчууд усан спортын төрлүүдэд анхны медалиудаа хүртэж, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2019 онд усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит долоо дахь удаагийн цомын төлөөх тэмцээнд анхны  мөнгө,  хоёр хүрэл медалийг хүртжээ. Харин энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван медалийг хүртээд байна. Баруун бүсийн олимпод бэлтгэх төв ОНӨТҮГ ашиглалтад орсноор тус аймагт усан спорт, байт харваа шинээр хөгжиж байна. Ширээний теннис, фитнес, спининг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүд идэвхтэй хөгжиж, 2019 онд манай төвөөр 20 гаруй мянган иргэн үйлчлүүлжээ. Харин өнөөдрийн байдлаар усан бассейнд давхардсан тоогоор 13121 хүүхэд, залуучууд хичээллэж байна. Спорт цогцолборын заалаар 21800 гаруй иргэн үйлчлүүлээд байна гэж Баруун бүсийн олимпод бэлтгэх төв ОНӨТҮГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ