ҮХЦ-ийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-10 17:23:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, ҮХЦ-ийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв. 


ҮХЦ-ийн 10 дугаар сарын 30-ны дунд суудлын хуралдаанаар, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ. Иймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээрх заалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж 09 дүгээр дүгнэлтийг гаргажээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон юм.


ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариулт өгсөн юм.


Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлттэй холбогдуулан хоёр саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж,  УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулав. Харин гишүүдэд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн нар ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ