Я.Содбаатар: Цар тахалтай "нүүр тулах" цаг ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-11 11:30:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил дуусаж "нүүр тулан" тэмцэх цаг ирлээ хэмээн Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэв. 


УОК өнөөдөр үүрээр хуралдаж Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоосон. Учир нь нийслэлд коронавирусний халдвар авсан хоёр тохиолдол батлагдсан юм. Тиймээс энэ хугацаанд дээрх иргэдийн ойрын хавьтлын иргэдийг шинжилгээнд хамруулах, тандан судална гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллийнхээ үеэр тодотгов. Тэрбээр, "Цар тахал дэлхий даяар дэгдээд 10 сар боллоо. Монгол Улсын Засгийн газар энэ хугацаанд дотооддоо нэг ч халдвар алдалгүй халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд маш сайн ажиллахын зэрэгцээ хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлаа бүрэн хангасан. Үндсэндээ урьдчилан сэргийлэх ажил дуусаж, цар тахалтай нүүр тулан тэмцэх цаг ирлээ. Тиймээс бүх төрийн албан хаагчид ажлаа уялдуулж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж иргэдээ хамгаалах шаардлагатай" хэмээв. 


Мөн тэрбээр ард иргэдийг айж тэвдэлгүй тайван байхыг анхааруулж, бодит үнэн мэдээ мэдээллийг авч байхыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ