Г.Самдан аваргын нэрэмжит бөхийн барилдаан 47 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 11:33:15

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ардын засгийн анхны аварга, олон түмнээ “босоо” хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит 2016 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Мөрөн суманд зохион байгуулагдлаа.

Энэхүү барилдаан нь 1969 оноос хойш тасралтгүй 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд амжилттай сайн барилдсан бөхчүүддээ аймгийн цол олгодгоороо онцлог, тун өрсөлдөөнтэй болдог байна. Энэ жилийн барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой, сум сумдын төлөөлөл болсон шилдэг 55 бөх зодоглож, олон сайхан залуу цолтнууд төрөн гарлаа.

Тус барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн начин Алтанцоож үзүүрлэн аймгийн заан цол, гурав, дөрөвдүгээр байранд Биндэр сумын харьяат сумын заан Одхүү, Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Ариунбаатар нар шалгарч аймгийн харцага цол, Дадал сумын харьяат сумын заан Өсөхбаяр, Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Чинзориг, Батширээт сумын харьяат сумын заан Тулга, Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Ганзориг нар удаах байруудад шалгарч аймгийн начин цолны болзол тус тус хангасан байна.

Барилдааныг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо, Хан Хэнтийн аварга дэвжээ, Мөрөн сумын ЗДТГ, Ноён Мөрөн бөхийн холбоод хамтран зохион байгуулснаас гадна тус сумы малчид, ард иргэд ивээн тэтгэж, дэмжиж оролцжээ.

Ирэх жилийн барилдаан нь Өмнөдэлгэр суманд болох ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ