Хятадын "Тяньвэнь-1" аппарат Ангараг руу хүрэх замынхаа 300 сая км-ыг туулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-11-17 13:07:10

БЭЭЖИН. /TASS/. Ангараг гаргийг судалж, шинжлэх Хятадын гараг хоорондын “Тяньвэнь-1” аппарат 116 хоногт уг гарагт хүрэх замынхаа 300 сая орчим км-ыг туулсан бөгөөд нислэг амжилттай болж байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ.


Хятад улсын Ангараг гаргийг судлах хөтөлбөрт зориулан бүтээсэн гараг хоорондын анхны аппарат болох "Тяньвэнь-1" орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 17-ны өглөөний байдлаар 116 өдрийг сансарт өнгөрүүлжээ. Нислэгийн зай 300 сая км-ээс давж, одоо дэлхийгээс 63.8 сая орчим км зайд нисэж байгаа аж. Уг аппаратын бүх системүүд хэвийн ажиллаж байна гэж мэдээлэлд дурдсан байна.


"Тяньвэнь-1" аппарат Ангараг руу шууд бус хагас дугараг хэлбэртэй замаар нисэж байгаа ажээ. Тийм учраас аппаратаас дэлхий хүртэлх зай нь туулсан замаас нь бага байгаа гэнэ.


"Тяньвэнь-1" аппаратыг долдугаар сарын 23-нд өмнөд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. Уг аппарат долоон сар орчмын дараа Ангараг гарагт дөхөж очих бөгөөд Нарны аймгийн дөрөв дэх гараг руу нисэх замдаа дөрвөн удаа цуврал маневр хийх аж. Одоогийн байдлаар гурван маневр хийжээ.


Холбоотой мэдээ