Цахим залилан эрчимжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-20 16:55:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын 7 хоногийг 11 дүгээр сарын 15-21-нд тэмдэглэн өнгөрүүлж байна.

"COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор худалдаа үйлчилгээний салбарт цахим хэрэглээ эрчимжиж, онлайнаар  худалдаа үйлчилгээ, ажил төрөл, үйл ажиллагааг явуулах болсон. Тэгвэл  энэ бүхнийг дагасан, далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширч байна. 

Манай улсын хувьд ялгаагүй, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй нөхцөлд цахим хэтэвч, цахим гүйлгээний аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болж байна. Жишээ нь, хөл хорио тогтоосноос хойш цахимаар мөрийтэй тоглох, худалдахыг хориглоод буй архи, согтууруулах ундаа борлуулах зэрэг зөрчил ихэссэн. Энд хуулийн болон цагдаагийн байгууллага, мэргэжилтнүүд аливаа цахим мэдээлэлд итгэхгүй байх, төлбөр тооцоог цахимаар хийхдээ албан ёсны байгууллагад мөн онлайнаар хандан дамжуулж хийж байх талаар, тухайлбал, хамгийн олон харилцагч, үйлчлүүлэгчтэй ХААН банкнаас сэрэмжлүүлж, зөвлөж байна. 


"COVID-19"-ийн халдвар эрчимжиж буй энэ үед цахим залиланг хянах хэрэгтэй болжээ. 


Энэ үүднээс Монголбанк, ЦЕГ, Монголын Банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” III  дахь аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд ХААН зэрэг арилжааны банкуудаас олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Аянаар иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлыг хэрэгжүүлэх аж. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардах болов.


Статистик мэдээллээр манай улсад залилангийн гэмт хэрэг сүүлийн 4 жилд тогтмол өсөж, 2017 онд улсын хэмжээнд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж нэмэгджээ. Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, ААН-д учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онд 13 тэрбум төгрөг болж нэмэгдсээр байна. 


Холбоотой мэдээ