Орон нутгийн бүх эмнэлэг коронавирустэй өвчтөн хүлээн авах бэлтгэлээ хангажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-11-21 19:52:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай ажлын багийн ээлжит хэвлэлийн бага хурал болов. Хуралдааны дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг шинжилгээнд хамруулаад, нарийн зохион байгуулалттайгаар буцаах боломж бий юу?


Д.Нарантуяа: Хотод гацсан хүмүүсээс 119, 1800-0119 дугаарын утсаар цаг товлоод, 18 цэгт шинжилгээ авч байгаа. Ялангуяа, оюутнуудыг аймаг аймагт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Ц.Ганзориг: Орон нутгийн иргэдийг гаргах талаар ажлын баг ажиллаж байгаа. Тодорхой он, сар өдөр нь тодорхой болохоор нийтэд мэдээлнэ.


Ж.Сандагсүрэн: Бидэнд орон нутгийн иргэдтэй холбоотой өргөдөл их ирж байгаа. Бид нар ажлуудаа эрэмбэлж байна. Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ өгөөд гаргах боломж бүрдсэн. Түргэн оношлуур болон PCR шинжилгээ хийх боломж байгаа. Харин хөдөө орон нутагт хэр хугацаанд байлгах талаар УОК ярилцаж байгаа. 


-Цаашдаа халдвар авсан хүний тоо нэмэгдвэл ХӨСҮТ ачааллаа дийлэх үү?


Д.Нарантуяа: ХӨСҮТ-д 400 ор бий. Ачааллаа дийлэхээ болиод эхэлбэл Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг бий. Мөн төрийн 17 эмнэлэг, хөдөө орон нутгийн бүх эмнэлэг коронавирустэй өвчтөн хүлээн авах бэлтгэлээ хангасан байгаа. Түүнчлэн хүн амын дунд коронавирус тархахад хэдэн ор шаардлагатай байхаас эхлээд эмч нарын хүрэлцээ зэрэг бүх зүйлийн судалгааг гаргасан.


-Улс орнууд цар тахлаас сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Тухайлбал, БНСУ иргэдийнхээ гар утсанд хаана хаана халдвар гарсан тухай мэдээллийг өгөөд, тухайн газраар зорчсон бол шинжилгээ өгөхийг сануулдаг болсон. Манай улс ийм байдлаар ажиллах боломжтой юу?


Д.Нарантуяа: Технологийн дэвшлийг ашиглахыг бид зорьж байна. Энэ хүрээнд 119 гэсэн аппликейшн ашиглалтад оруулсан. Үүнтэй ижил гар утасны аппликейшн хийхээр төлөвлөж байгаа.


Ц.Ганзориг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, УОК-оос IT-д суурилсан шийдэл боловсруулж байгаа. Одоогоор 4 хувилбар хөгжүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шалгаад, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.


-Хил дээр ирчихсэн тээврийн автомашинуудыг ариутгаад оруулж ирэх боломж байгаа юу?


Ц.Ганзориг: Алтанбулаг боомт дээр одоогоор 30 автомашин байгаа. Тодорхой шийдэл гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлнэ.


-Автомашины хөдөлгөөн өглөө 07.00 цаг, орой 17.00 цагт эхлэхэд түгжрэл үүсээд байна. Яг ажиллах ёстой 11 салбарын хүмүүс түгжрэл үүсгээд байна уу, эсхүл бусад хүмүүсээс шалтгаалаад байна уу?


Ж.Сандагсүрэн: Өдөрт бол 17-18 мянган автомашин хөдөлгөөнд оролцоно гэж тооцож байсан. Гэвч өдөрт 40 мянга гаруй автомашин зорчиж байна. Тиймээс QR кодоор бүртгэх ажлыг эхлүүлж байгаа юм.


Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээ