Дарханы харьяалалтай оюутнуудыг дотуур байрнаас гаргалаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-23 16:08:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод их, дээд, коллеж зэрэг найман сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуулийн дотуур байранд нийт 751 оюутан хатуу хол хорионы дэглэмээс үүдэн тусгаарлагдсан. Харин өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зөвхөн Дархан-Уул аймгийн харьяалалтай буюу Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 51 оюутныг шинжилгээнд хамруулсны үндсэн дээр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээр ахлуулсан ажлын баг тус ажлыг зохион байгуулж байгаа аж.

Хөл хорио тогтоосон болон тэг зогсолтын үед дотуур байранд буй нийт оюутнууд харъяа сургуулийн захиргаа, багш ажилчид болон аймаг орон нутгийн зүгээс хүнс, тэжээл, дархлаа дэмжих эмийн бүтээгдэхүүн зэргээр хангаж байсан.  Бусад оюутнууд Улсын онцгой комисс шийдвэр гарах хүртэлх хугацаанд сургуулийнхаа дотуур байранд байх аж. Аймаг, хот хоорондын хөдөлгөөн нээсэн тохиолдолд шинжилгээнд хамруулсны үндсэн дээр нутагт нь хүргэх ажлыг зохион байгуулна гэлээ.

Дотуур байрнаас гарч гэртээ харьж буй оюутнууд хоёр удаагийн шинжилгээд хамрагдсан бөгөөд бүгд сөрөг гарсан байна.

 

 

Холбоотой мэдээ