ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-27 11:46:50

МОСКВА. /RT/. ОХУ-ын Новосибирск хотын шинжлэх ухааны “Вектор” төвд гарган авсан коронавирусний "ЭпиВакКорона" вакцины бүртгэлийн дараах судалгаа пүрэв гарагт эхэллээ гэж тус улсын Роспотребнадзор буюу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


Туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг сонгож эхэлсэн байна. Судалгаанд 18-аас дээш насны хүмүүс оролцоно гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Сонгон шалгаруулалтад нийт 4000 хүн оролцох бөгөөд 3000 нь судалгаанд хамрагдах юм.


Өмнө нь 60-аас дээш насны эхний таван сайн дурын оролцогчдод бүртгэлийн дараах туршилтын хүрээнд "ЭпиВакКорона" вакциныг тарьжээ.


“Вектор” төв вакциныхаа эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас долдугаар сарын 24-нд авсан байна. Эмнэлзүйн туршилтууд есдүгээр сарын 30-нд дуусжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вектор” төвийн вакцинд бүртгэлийн гэрчилгээ олгосныг 10 дугаар сарын 14-нд мэдэгдсэн юм. 11 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын Эрүүл мэндийн яам бүртгэлийн дараах судалгааг 60-аас дээш насны сайн дурын оролцогчдод явуулахыг зөвшөөрсөн бол 11 дүгээр сарын 18-нд 3000 хүн дээр туршилт хийх зөвшөөрлийг тус төвд олгожээ.


Холбоотой мэдээ