Иргэд хувийн хэрэгцээний зүйлс болон хоол хүнсээ бэлдэж явах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-27 16:59:20

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорионд орсон Увс аймгийн иргэдийг татан авах ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлэн тодорхой журмын дагуу явуулахаар боллоо. Журмын дагуу зорчих иргэд заавал 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх ёстой аж. Мөн www.119.mn сайтад бүртгэлээ хийлгэх юм байна.

“Увс аймгийн 4000 гаруй иргэн хотод гацсан байгаа. Эдгээр хүмүүсийг ирэх сарын 1-нд Улсын онцгой комиссоос 15 автобус гаргаж тээвэрлэхээр болсон. Хамгийн гол нь эдгээр иргэд 48 цагийн өмнө коронавирусний шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд энэхүү бичиг баримтаа биедээ авч явах шаардлагатай. Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийн хувьд хот хооронд зорчих боломж нь нээлттэй байгаа. Мөн тухайн зорчигч аюулгүй байдлаа хангаж хувийн хэрэгцээний зүйлс болон хоол хүнсээ бэлдэж явах шаардлагатай. Яагаад гэвэл автобус зам зуур зогсож зорчигчдыг цайны газарт хооллохгүйгээр шууд Улаангомд ирэх юм. Иймээс зорчигчид хооллохоос бусад нөхцөлд амны хаалтаа авахгүй байх, тогтоосон цэгт хогоо хаях, зай барих гэх мэт хэд хэдэн шаардлагыг замдаа биелүүлэх юм. Хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байна.

Мөн Увсад гацсан өөр аймаг, хот руу зорчих иргэдийг журмын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгуулах асуудал яригдаж байгаа” хэмээн аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа Д.Баттулга хэллээ.

Холбоотой мэдээ