Батцэнгэл сумын нэг хавьтлын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-28 17:51:24

Архангай /МОНЦАМЭ/ Архангай аймгийн Батцэнгэл суманд "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, аймгийн Онцгой комисс яаралтай арга хэмжээ авч, PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу илгээгээд байна.

Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байна. Иймд ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүсье.

Ташрамд, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох гэр бүлийн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна.

Холбоотой мэдээ