Засаг дарга 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө ИТХ-д өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-01 21:27:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020-2025 оны аймгийн үндсэн чиглэлийг ИТХ-д өргөн барилаа.


Эдгээрийг боловсруулахдаа Говь-Алтай аймгийн ард иргэд, Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намуудаас саналыг нь авсан байна. Ингэснээр ард иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгаж чаджээ. Мөн үеэр Говь-Алтай аймгийн бахархалт үнэт зүйлсийг сэргээж, эх хэл, түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэж, нийгмийг соён гэгээрүүлэхийг баримтлан ажиллахаа онцлон хэллээ.

Үүний хүрээнд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, газар тариалан буюу жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  алим, жимс жимсгэнэ хөтөлбөр, сумын төвийн шинэчлэл түүний хөгжил, аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд холбох,  орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.

“Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр бүлийн хөгжил хамгаалал”, “Засагт ханы хүүхдүүд”, “Алтайн залуус” арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд, залуучууд, гэр бүлд ээлтэй аймаг болохоор зорьж байна. Нөгөө талаас аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийг стандартад нийцүүлэн тоног төхөөрөмж, санхүү, хүний нөөцийг бүрдүүлж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахуйц орчинг бий болгоно. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаанаас гадна хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийг татан оруулах нь чухал юм. Яг одоо хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө төр, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, өрх, иргэн бүр санаачилгатай ажиллаж, өөр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээн  тус аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Амгаланбаатар онцоллоо.


Холбоотой мэдээ