Хот, тохижилт үйлчилгээний газрын ажилчдын нийгмийн асуудлыг анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-10 13:23:08

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Дагвадоржийн Мөнхбат энэ сарын 7-нд томилогдсон. Тэрээр өнөөдөр Хот, тохижилт үйлчилгээний газрын ажилчдыг ажилдаа гарахаас нь өмнө уулзаж, санал бодлыг нь сонсов.  

Д.Мөнхбат "ХТҮГ-ын ажлыг гадарлаж байна. Хотынхоо цэвэр цэмцгэр байдалд өдөр бүр анхаарч, халуунд халж, хүйтэнд хөрж, тэсвэр хатуужилтай ажилладаг хүмүүс гэж ойлгож байна. Цаашид та бүхний нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Ялангуяа нэн түрүүнд бага ч болов цалин нэмэгдүүлэх тал дээр анхаарна" гэв. Харин ажилчдын зүгээс нэн түрүүнд цас хусдаг машин хэрэгтэй байгааг хэлж байв. Тэд цас их орсон үед өдөрт нь арилгаж, шүүрдэж амждаггүй хэд хонодог гэв. Нормын хувцас, хэрэглэлийг хангалттай өгдөг байна. ХТҮГ-т ажилладаг хүмүүс сарын 430000-580000 төгрөгийн цалинтай ажилладаг аж.

ХТҮГ нь удирдлагын багаас гадна 11 машин, техник, 6 жолооч, 8 ачигч, зам талбайн 10 үйлчлэгч, нэг цахилгаанчин, гагнуурчин, нэг анчин, 2 сахиултайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэд хотын төв дотор 11.4 км авто зам, 17 км явган хүний зам, 2.9 км дугуйн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байна. Өөрөөр хэлбэл, нормоороо зуны цагт 12000-14000 м2, өвлийн цагт 10000-12000 м2 талбайг хариуцах ёстойгоос зуны цагт 20000-25000м2, өвөл 15000-18000 м2 талбайг цэвэрлэдэг байна. 

Хог тээврийн тухайд сумын 5787 өрх, 180 гаруй төрийн болон төрийн бус байгууллагуудад хог тээврийн үйлчилгээ үзүүлдэг гэв.  

Холбоотой мэдээ