Тамхины татварыг 10 хувь нэмэхэд тамхичдын тоо 10 хувь буурдаг

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-05-31 13:15:24

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан ЭМСЯ-наас сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болсоор байгаа. Эл өдрийг дэлхий нийтээрээ “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгое” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд ДЭМБ улс орнуудад тамхины хэрэглээгээ бууруулахыг зөвлөж байна. Тамхийг адилхан хайрцагтай болгосноор тамхин бүтээгдэхүүний хэрэглээ буурах, тамхины зар сурталчилгааг хязгаарлах, тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын үр нөлөөг тодотгох ач холбогдолтой.

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа  зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь тамхидалт юм.  Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөл нь бүгд тамхитай холбоотой. 2013 онд Монгол Улсад хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байв. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг  гэдгийг хэллээ.

ДЭМБ-ын төлөөлөгч Др. Лью Воожин Монгол Улсад Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Хүн амын дунд тамхины хэрэглээг бууруулах талаар хийж буй үйл ажиллагааг үнэлэн Эрүүл мэнд, спортын яаманд талархлын гэрчилгээ, одон мөн Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг манлайлан ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт гэрчилгээ, одон гардууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тамхидалтттай тэмцэх түүний дараагийн ажлынх нь талаар тодруулахад, “Тамхины хяналтын тухай хууль” нэлээд бэрхшээлтэй тулгарсан ч батлагдаад хэрэгжиж байна. Дараагийн ажил бол хуулийн өөрчлөлтөд “Онцгой албан татварыг нэмэх тухай хууль”-ийг өргөн барьсан боловч харамсалтай нь УИХ-ын чуулганы хугацаанд амжсангүй. Онцгой албан татварыг нэмэх нь ихээхэн ач холбогдолтой. Нэгдүгээрт улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрнө. Хоёрдугаарт энэ хэмжээний татвар нэмсэнээр Монгол Улсад жилдээ 3025 хүний амь насыг тамхинаас шалтгаантай өвчнөөс аврах боломжтой гэсэн судалгааг ДЭМБ гаргасан. Тэгэхээр тамхины үнэ нэмэгдэх тусам уушгины хавдар болон зүрх судасны өвчлөл буурдаг. Тамхины татварыг 10 хувь нэмэгдүүлэхэд тамхичдын тоо 10 хувь буурдаг. Эдийн засгийн арга хэмжээ үр нөлөөтэй. Үнэтэй тамхи худалдан авах нь багасдаг гэсэн үг. Бусад улс оронд бүх тамхи ижил хар эсвэл цагаан хайрцагтай болсон. Тамхи төрөл бүрийн гялалзсан хайрцаг савтай байдаг нь тамхинд орж байгаа хүүхдүүдийг сурталчилгааны аргаар татаж байна гэж үздэг учраас ДЭМБ-аас нэг төрлийн хайрцагтай байх нь зөв гэдгийг санал болгож байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барина. Мөн дотоод орчинд тамхины цэг байгуулах тухай асуудлыг ДЭМБ-аас Монгол Улс Тамхины хяналтын тухай хуулиа хойш нь ухраасан үйл явдал боллоо гэж дүгнэсэн.Тиймээс дараагийн удаа өөрчлөлт оруулахдаа дотоод орчинд тамхины цэг байж болохгүй гэдэг хуулийн заалт оруулах ёстой” гэв.

Эл өдрийг тохиолдуулан ЭМСЯ-наас Монгол Улсын хүн амын дунд тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний тамхины хэрэглээг таслан зогсоох зорилгоор  их, дээд сургуулийн оюутнуудад тамхины хор хөнөөлийн талаар 150 оюутанд сургалт-мэдээлэл хийх, ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад тамхинаас гарах арга замууд, тамхины хяналтын тухай хуулийн  талаар  сургалт зохион байгуулах, сошиал медиагаар тамхины хор хөнөөл, тамхинаас гарах аргуудын талаар  контент цацах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

Холбоотой мэдээ