Коронавирусний халдварын 7 тохиолдол шинээр илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-11 11:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 10-нд 20 633 хүнд PCR шинжилгээ хийв. Үүнээс 7 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр батлагдав.

 

Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод батлагдсан зургаан тохиолдлын дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнд илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нэг тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн” гэдгийг тодотгов. 

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Архангай аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын нийт тохиолдол  905 болж байна. Үүнээс 384 хүн буюу нийт тохиолдлын 42.5 хувь нь эдгэрээд байгаа бол 512 хүн  эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд, тав нь хүнд, 76 нь хүндэвтэр, 430 нь хөнгөн байгаа аж.




Холбоотой мэдээ