Алтан сандал уулын цогцолбор дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-17 10:15:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хойд тамир голын хөндийд сумын төвөөс баруун зүг 15 км орчимд тэгш оройтой жижиг уул буйг Алтан сандал гэж нэрлэнэ. Алтан сандал уулын цогцолборт Хүрэл зэвсгийн /НТӨ III-I мянга/ үеийн дөрвөлжин булш 8, дугуй болон дөрвөлжин хүрээтэй хиргисүүр гурав бий. Эдгээр булшны цогцолборт босгосон 7 буган хөшөө, Алтан сандал уулын баруун өмнө хормойд орших Түрэгийн үеийн /VI-VIII зуун/ 2 хүн чулуун хөшөөний дурсгалаас бүрдэнэ.

Тус дурсгалт газрыг анх археологич Ц.Доржсүрэн 1955 онд баруун аймгуудаар судалгааны ажлаар явах замдаа илрүүлжээ. Буган хөшөөнүүдийн дундаж өндөр 1.5-2.0 м, өргөн 0.4-0.6 м, зузаан 0.2-0.5 м.


Ихэнх хөшөөнд бугануудыг сонгодог аргаар үелүүлэн дүрслэх бөгөөд нэгэн хөшөөний нүүрэн талд хөшөөний орой руу толгойгоор нь хандуулан өндөр хүзүүтэй, урт сүүлтэй, урт нарийхан хөлтэй гурван том адууг хойно хойноос нь цувруулан дүрсэлж нум саадаг, толь, жад цохин гаргаж, буга дүрслээгүй байдгаараа онцлог юм.

Алтан сандал уулын цогцолбор дурсгалыг 2020 оны Монгол Улсын Засгийн газрын 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.




Холбоотой мэдээ