Нэг удаа шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан гэж тайвширч болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-16 12:57:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 16-ны байдлаар Дорноговь аймагт коронавирусний батлагдсан 32 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан тохиолдлын 27 нь Замын-Үүд суманд, тав нь Айраг суманд байгаа юм. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 483 хүнийг 100 хувь, дам хавьтлын 2225 хүний 93 хувийг шинжилгээнд хамруулжээ. Өссөн дүнгээр аймгийн хэмжээнд нийт 20770 хүнд 37536 шинжилгээ хийсэн аж. Учир нь нэг хүнд нэгээс гурван удаагийн давтамжтай шинжилгээ хийсэн байна.

"Нэг удаа шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан гэж тайвширч болохгүй. Учир нь коронавирусний халдварын нууц үеийн хугацаа урт байна. Дорноговь аймагт хамгийн сүүлд илэрсэн халдварын тохиолдол эхний хоёр шинжилгээнд сөрөг гарсан ч гурав дахь шинжилгээгээр эерэг гарлаа.

Тийм учраас иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч амны хаалт тогтмол зүүж, хэн нэг хүнтэй ойрхон харьцахгүй, хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангах нь чухал" гэж аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг мэдэгдэв.

Холбоотой мэдээ