Их Британид коронавирусний нөхцөл байдал хяналтаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-21 10:33:31

ЛОНДОН. /RIA Novosti/. Коронавирусний шинэ хувилбартай холбоотой нөхцөл байдал эрх баригчдын хяналтаас гарсан гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдсэнийг "Sky News" телевиз уламжилсан байна.  


"Коронавирусний шинэ омог /штамм/ хяналтаас гарлаа. Тиймээс иргэд, ялангуяа хатуу хязгаарлалт тогтоосон Английн бүс нутгуудад хүмүүс өөрсдөө хэдийнээ халдвар авсан мэт маш болгоомжтой байх хэрэгтэй" гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.


Хэдийгээр бид бүгд Зул сарын баярыг тэсэн ядан хүлээж байгаа боловч “COVID-19”-ийн илүү халдвартай шинэ хувилбар эрчимтэй тархаж байгаа тул Засгийн газар шийдэмгий ажиллах ёстой гэж сайд нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, хатуу хязгаарлалт вакцинжуулалт эхлэх хүртэл хэдэн сараар үргэлжилж магадгүй байна.


"Коронавирусний энэ омог нь асар том асуудал болоод байна. Коронавирус бол бид хяналтдаа байлгах хэрэгтэй байсан үхлийн аюултай халдвар, гэвч шинэ мутаци бидний ажлыг улам хүндрүүллээ" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн тэрбээр Лондон хотын оршин суугчид шинээр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор хотоос гарахаар галт тэрэгний буудлууд дээр олноороо цугларсныг "туйлын хариуцлагагүй үйлдэл" гэж мэдэгдсэн байна. 


Коронавирусний шинэ хувилбар Лондон болон Английн зүүн өмнөд нутагт хурдацтай тархаж байгаагийн улмаас Их Британийн эрх баригчид Зул сарын баяраар Англи даяар сулруулах гэж байсан хөл хорионы дэглэмээ зарим бүс нутагт улам чангаруулах болсноо мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ