Ш.Оргил: Сүхбаатар суманд эрсдэл өндөр хэвээр байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-21 20:43:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд шинээр тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Үүнд иргэд тайвшрах хандлагатай болж, хэвийн горимд шилжүүлэх байр суурийг цахим орчинд олноор илэрхийлээд байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил “Халдвар нэмж бүртгэгдээгүй, гарахгүй байна гээд тайвширч, назгайрч болохгүй. Сүхбаатар суманд байдал амаргүй, эрсдэл өндөр байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох нь зүйтэй. “би өвдвөл чи өвдөнө, чи өвдвөл бид өвдөнө” гэдэг зарчмыг баримталж, өөрийгөө болоод өөрийнхөө ойр тойронд байгаа хүмүүсийг, өрөөл бусдыг аюулт вирусээс хамгаалаарай” хэмээн онцгойлон анхаарууллаа.

Мөн тэрээр бүх албан байгууллагыг ажиллуулж, иргэдийг сул чөлөөтэй явуулах боломжгүй цаг үе бидэнд тулгарсан гэдгийг та бүхэн ухамсарлан ойлгох хэрэгтэй. Зарим байгууллага ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Сүхбаатар суманд такси үйлчилгээг халдвар хамгаалал, дэглэм журмын дагуу явуулж, зохион байгуулалтыг оновчтой хийх үүргийг аймгийн Авто тээврийн газарт өгөөд байна. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа барьж, хувийн дэглэмээ сахин таксигаар үйлчлүүлэх  ёстой. Коронавирусний дахин дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан дээрх суманд барилгын материалын худалдааг 10:00-14:00 цагийн хооронд, Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, нотариат зэрэг 17 төрлийн үйл ажиллагааг халдвар хамгаалал, дэглэм журмын хүрээнд ажиллуулахаар боллоо. Мөн бусад суманд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг батлан сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн үүрэг чиглэл өглөө хэмээн мэдэгдлээ.  

Холбоотой мэдээ