Цагдаад зодуулсан иргэнд 22 сая долларын нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 13:13:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Цагдаа нарт зодуулан тархиндаа хүнд гэмтэл авсан Америкийн хар арьст нэгэн иргэн 22 сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Ийм шийдвэрийг Огайо муж улсын Ист-Кливлэнд хотод болсон тангарагтны шүүхийн хурлаас гаргасан тухай телевизийн Fox news суваг мэдээллээ.

Хэрэг явдал 2012 онд болжээ. Өдгөө 48 настай Арнольд Блэк-ийн сууж явсан автомашиныг цагдаагийн хоёр ажилтан зогсоогоод, хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэн түүнийг баривчилжээ. Блэк-ийн ярьснаар бол, хоёр цагдаагийн нэг нь согтуу байсан бөгөөд резинэн бороохойгооор толгой руу нь хэд хэдэн удаа цохисон байна.

Үүний дараа Арнольдыг цагдаагийн хэсэгт авчран хонгилд оруулан түгжээд бүтэн дөрвөн хоногийн турш идэж уух юм өгөлгүй “мартсан” ажээ. Үүнээс хэдэн хоногийн дараа түүнд ямар ч мансууруулах бодис байгаагүй гэдгийг тогтоосон тул иргэн А.Блэк Ист-Кливлэнд хотын захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөр олгохыг шаардсан байна. Түүний өмгөөлөгчдийн ярьснаар, цагдаа нарт зодуулсны улмаас тэрбээр үе үе ухаан алдан унадаг болсон тул тархины мэс засал хийлгэжээ.

Тангарагтны шүүхийн төлөөлөгчид бүгд цагдаа нарт зодуулсан эрийн талд шийдвэр гаргасан бол хотын захиргааныхан шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Харин Блэк-ийг зэрлэгээр зодсон хоёр цагдаа ажлаасаа халагдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл одоогоор алга.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ