БСШУЯ олон улсын стандарт нэвтрүүлсэн анхдагч төрийн байгууллага болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-06-02 15:55:44

БСШУЯ чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт /ISO 9001:2015/ нэвтрүүлж буйг батламжилсан гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн баталгаажуулалтын байгууллагаас хүлээн авлаа. Энэхүү батламж хүлээн авах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болов.

Энэ нь тус яам олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас баталгаажуулсан гэрчилгээ авч буй анхны төрийн захиргааны төв байгууллага, чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй анхны байгууллага болсноороо онцлогтой.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр анх энэхүү стандартыг судлан, яамныхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх санаачилга гарган 2014 оноос хойш энэ чиглэлээр туршлагатай "Монголын чанарын холбоо"-ны мэргэжлийн зөвлөх баг авч ажиллуулсан байна. Тэрбээр чанарын удирдлагын тогтолцооны стандартыг яамны харьяа боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагадаа үе шаттай нэвтрүүлэх арга хэмжээ авахаас гадна санаачлан хэрэгжүүлэх байгууллагууддаа яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллана гэдгээ хэллээ.

Австралийн стандартын байгууллагуудын Төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Б.Ундарлаа хэлэхдээ, “ISO төрлийн стандарт бол байгууллагын үйл ажиллагааны удирдлагын стандарт юм. Үүнийг ямар ч байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь бүтээгдэхүүний стандарт биш, тухайн байгууллага нь олон улсын түвшинд хүрсэн менежменттэй байгааг харуулж байна. Төрийн яамдаас БСШУЯ анхдагч нь болсноор манай Засгийн газар, төрийн байгууллагууд өөрийн менежментийг олон улсын түвшинд гаргах үүд нээгдэж байна” хэмээн тодотгов.

Тус яам чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээрээ шинэчлэл, өөрчлөлтийн манлайлагч, ухаалаг, зарчимч, шударга төрийг илэрхийлэгч болж чадлаа хэмээн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ