Я.Содбаатар: 21 аймаг эрүүл бүс болсон тул хэвийн амьдрал руу шилжих боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, нийслэлээс бусад аймгуудыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт улсын хэмжээнд 2020 оны хоёрдугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл явж ирсэн гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд тодотгоод, 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгаа тул дээрх зэрэглэлд шилжих саналыг УОК-оос Засгийн газарт танилцуулсан гэлээ. Өмнө нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байх үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, наадмаа үзэгчгүй зохион байгуулж, үйлдвэр үйлчилгээний газрууд ажиллаж байсныг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд Улаанбаатар хотоос гадна зургаан аймгийн есөн суманд халдвар гараад байсан. Халдварын голомтыг хумих, дахин халдвар гарахаас сэргийлж ажилласныг тэмдэглээд, сүүлийн 14-43 хоногийн хугацаанд дээрх аймаг, сумдад халдвар гараагүйг онцоллоо. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 31, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 23, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 38, Мандал суманд 43, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 хоног халдвар гараагүй байна.
Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд долоо хоногийн өмнө нэг халдвар гарсан нь тусгаарлалтад байсан. Үүнийг тооцохгүй гэвэл мөн 15 хоног халдвар гараагүй гэж үзэж байгааг хэллээ. Тиймээс ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр, эдгээр аймагт хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Дээрх шийдвэрийн хүрээнд аймгууд хэвийн амьдрал руу шилжиж, ажил үйлчилгээ явах нөхцөл боломж бүрдэж байгаа тул, аймгийн Онцгой комиссууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж, эрсдэлээ тооцон шийдвэр гаргах боломж бүрдэж байгааг тэмдэглэлээ.