Марафон гүйлтэд оролцогчдод зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-02 17:30:59

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-нд “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулах болсонтой холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргалаа.

Хэрэв ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-аас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Зөвлөмжид өөрийн хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах, гүйлтийн өмнө биеийн жингээ үзэх, өмнө нь хангалттай бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайд оролцох, марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс ууж, шингэн алдалтад бэлтгэх, архи, согтууруулах ундаа нь энергийн метаболизмыг өөрчилж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны урьд өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохыг дурджээ.

Мөн марафон гүйлтийн үед шингэн алдалтыг багасгах зорилгоор 20 минут тутамд 100-200 мл усыг замын хажууд байрлах үйлчилгээний цэгээс цангаагүй тохиолдолд ч уух, гүйлтийн үед нарны тусгалын үйлчилгээг багасгах зорилгоор малгай өмсөх ба тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөхийг зөвлөжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ