Израил “Moderna”-гийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-05 10:28:23

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Эрүүл мэндийн яам АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэснээр “Moderna”-гийн вакциныг бүртгэсэн дэлхийн гурав дахь, Хойд Америкаас гаднах анхны улс болжээ.


“Израилын Эрүүл мэндийн яам зургаан сая тун вакцин худалдан авахаар болсон. Эхний нийлүүлэлт нэгдүгээр сард эхлэх төлөвтэй байна” гэж “Moderna” компани даваа гарагт мэдээлсэн байна.


Moderna”-гийн вакциныг өмнө нь АНУ, Канадад хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд одоогоор Европын Холбоо, Сингапур, Швейцар, Их Британийн холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Хүн амаа хамгийн хурдан хугацаанд вакцинжуулж буй оронд тооцогдож байгаа Израил энэ сарын эцэс гэхэд эмзэг бүлгийн бүх хүнд вакцин хийхийг зорьж байгаа ажээ.


Израилд “Pfizer/BioNTech” компанийн коронавирусний вакцинаар дархлаажуулах хөтөлбөр 2020 оны 12 дугаар сарын 19-нд эхэлжээ.


Вакцинжуулалтыг одоогийн хурдаар үргэлжлүүлбэл 2021 онд эдийн засаг хурдан сэргэнэ гэж үзэж байгаагаа Израилын банк даваа гарагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ