Б.Мөнхзаяа: 7200 орчим хэрэглэгч сард 235,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-14 10:48:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 1-нээс эхлэн айл өрх, ААНБ-ын цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцахаар болсон. Энэхүү хөнгөлөлтөд тус аймгийн хэмжээнд хэчнээн хэрэглэгч хамрагдах, цаашлаад үүнтэй холбоотойгоор "Дөрвөлж" ОНӨҮГ-ын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар тус газрын Борлуулалт маркетингийн албаны дарга  Б.Мөнхзаяатай ярилцлаа.


-Хэрэглэгчдийг ус дулаанаар хангах ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

-Иргэдийг ахуйн ундны ус, илч дулаанаар хангахын төлөө манай компанийн 200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнууд өндөр хариуцлага хүлээн тасралтгүй горимоор ажиллаж байна. Энэ онцгой цаг үед дэд бүтцийн салбарынхан бүгд л үүрэг хариуцлагаа өндөржүүлэн, нягт зохион байгуулалттайгаар хяналтаа улам бүр чангатган ажиллаж байна. Одоогоор үйл ажиллагаа хэвийн, жигд үргэлжилж байна.

-Өвөлжилтийн бэлтгэлийг хэр хангасан бэ?

-Энэ жилийн хувьд манай компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 91 хувьтай хангаж ажилласан.

-Монгол Улсын Засгийн газраас айл өрх, албан байгууллагын халаалт, хэрэглээний усны үнийг хариуцахаар болсон. Үүнд аймгийн хэмжээнд хэчнээн хэрэглэгч хамрагдах вэ?

-Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 тоот тогтоолтой холбоотой салбарын сайд нарын олон түр журам батлагдсан. Эдгээр журмын хүрээнд зохицуулж хөнгөлөлтөд хамрагдах төлбөрийн мэдээ судалгааг явуулан ажиллаж байна. Баруун-Урт сумын хэмжээнд цэвэр, бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг төр хариуцах хөнгөлөлтөд гэр хорооллын 4300 орчим өрх, орон сууцны 2660 өрх, аж ахуй нэгж байгууллагын 183 хэрэглэгч хамрагдаж, зөвхөн нэг сард 235.2 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна.

-Ирэх 7 дугаар сар хүртэл үргэлжлэх хөнгөлөлт нь танай байгууллагад ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлж, алдагдалд оруулах уу?

-Алдагдалд оруулна гэхээсээ илүүтэй хэрэглэгч бүр урьд урьдынхаасаа илүү хянамгай, ус болон эрчим хүчээ зүй зохистой хэмнэгч байж сар бүр тоолуурын заалтаа үнэн зөв бодитой өгөх тал дээр анхаарах шаардлагатай. Учир нь сар бүр төр хариуцах хөнгөлөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулж байгаа учир өмнөх саруудын хэрэглээг хуримтлуулан бичүүлэх эсвэл тоолуур харахгүй юм чинь заалтаа илүү өгөх гэсэн буруу хандлага хэрхэвч байж болохгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн заалт өмнөх оны мөн үеэс хэтэрч гарах, ус алдах, тоолуур эвдэрсэн зэрэг тохиолдолд их гүйлт гарах нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагатайгаа илүү ойр хамтарч ажиллах, мөн сар бүр тоолуурын заалтдаа хэрэглэгч талаасаа илүү хяналттай байх хэрэгтэй гэсэн үг. 

-Ер нь өр төлбөрийн үлдэгдэл хэр байгаа вэ? Яагаад ийм байдалд хүрэв?

-Урьд өмнө үүссэн ус, дулааны авлагын хувьд төр хариуцах хөнгөлөлтийг хасаж тооцвол өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөгийн авлагатай байна. Энэ нь орон сууцны  зарим хэрэглэгчийн хувьд ус, дулааны төлбөрийг хуримтлуулах, дараа төлнө гэх хандлага гаргаснаар үүсдэг. Мөн цар тахалтай холбоотойгоор зарим аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сараас эхлэн бүрэн болон хэсэгчлэн хаасантай холбоотой үүсэж, хуримтлагдсан авлага бий.  

-Тэгэхээр эдгээр хэрэглэгч хөнгөлөлттэй байх хугацаандаа өрөө барагдуулах боломжтой юм байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-Яг тийм. Цэвэр, бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг төр хариуцах болсноор хэрэглэгчдийн хувьд маш том боломж нөхцөл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл журамд зааснаар урд нь үүссэн өр төлбөрийг хэрэглэгч хуваарийн дагуу төлөх боломжтой. Манай борлуулалтын албаны байцаагч нар айл өрх болон аж ахуй нэгж байгууллагын хэрэглэгчидтэй өр авлагын тооцоог нийлж баталгаажуулах, 2020 оны халаалтын улирлын сар дуусахаас өмнө сар бүр төлж барагдуулах хуваарь хийн хамтран ажиллаж байна. Тэгэхээр өртэй хэрэглэгчид энэ хугацаанд бага багаар төлбөрөө барагдуулах нь хэн хэндээ хүндрэлгүй шийдэгдэнэ гэсэн үг.

-Үнийг хөнгөлөх болсноос хойш хэрэглээнд өөрчлөлт орсон уу. Жишээлбэл усны хэрэглээ огцом нэмэгдэх гэдэг ч юм уу?

-Төр хариуцах хөнгөлөлттэй холбоотой зарим хэрэглэгчийн хувьд усны тоолуурын заалт өндөр гарсан тохиолдлууд гарсан. Энэ нь ус алдуулах болон өмнөх 11 дүгээр сард заалтаа өгөөгүй байж байгаад 12 дугаар сард  өмнөх сарын хэрэглээтэйгээ нийлүүлж өгсөнтэй холбоотой байсан. Яг хэрэглээ нь хэрхэн нэмэгдэж байгаа эсэх нь дараа сараас мэдэгдэх боложтой.  

-Хэрэглээ өмнөхөөсөө өндөр гарсан тохиолдолд зөрүүг хэрэглэгч өөрөө төлнө гэсэн зүйл байгаа юу?

-Дулааны эрчим хүч хэрэглэгчийн хувьд 100 м2 талбайгаас илүү гарсан төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцахаар байгаа. Мөн усны хэрэглээн дээр лимит тогтоогоогүй хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулж тухайн цаг үеэс хамааран бодит бус хэрэглээ гарсан тохиолдолд хэрэглэгчээс нэхэмжлэх шаардлагатайг удирдах байгууллагын зүгээс бидэнд анхааруулж, зөвлөгөө зөвлөмжийг тухай бүр өгч ажиллаж байгаа. Мөн манай ус, дулааны үйлчилгээн дээр төвлөрсөн орон сууцанд амьдардаг зөвхөн гэрээтэй хэрэглэгчдийн хувьд СӨХ, орцны гэрэлтүүлгийн төлбөр тооцооны хураамжийг нэмж авдаг. Тэгэхээр хэрэглэгчид эдгээр нэмэлт  төлбөрөө сар бүр төлнө гэсэн үг.

-Ер нь танай байгууллага үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчиддээ илүү ойр ажиллахын тулд ямар бодлого барин ажиллаж байна?

-Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид рүү чиглэсэн, үйлчилгээгээ сайжруулсан олон ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал: Хэрэглэгч усны тоолуурын заалтаа автомат хариулагчаар өгөх чатбот үйлчилгээг нэвтрүүлсэн, гэр хорооллын усан сангийн ухаалаг системийг нэвтрүүлсэн, гүний насос станцуудыг автоматжуулсан, дулаан дамжуулах төвийн автомат системийг ашиглалтад оруулсан, усны тоолуур баталгаажуулах стенттэй болсон, унд ахуйн усны лабраторитой болсон гээд дурдаад байвал олон ажил бий. Энэ бүхнийг үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр хийсэн ажил гэж хэлж болно. Хэрэглэгчид ч энэ бүх үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа.

-Тэгвэл цаашид хэрхэхээр төлөвлөж байгаа бол?

-Цаашид бид  диспетчер шуурхай удирдлагын албатай болсноор хэрэглэгчдээс ирсэн дуудлага, гомдол саналыг шуурхай барагдуулах дуудлага бүртгэлийн программ нэвтрүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээний апплейкшнтэй болох, маркетингийн үйлчилгээг илүү ойрхон хүргэх мэдээллийн сувгийг нэмэгдүүлэх, бохир ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулах, ухаалаг системийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудын ур чадварыг улам сайжруулах зэрэг бодлого чиглэл барин ажиллаж байна.

-Танай компани хэчнээн байцаагчтай вэ, байцаагч нарын хувьд ажлын хуваарьт өөрчлөлт орж байгаа юу?

-Манай байгууллага орон сууцны айл өрхийн таван байцаагч, төсөвт ААНБ хариуцсан нэг борлуулалтын мэргэжилтэнтэй. Байцаагч нарын хувьд цалингийн тусгай журмаар буюу авлага, бичилтийн үзүүлэлтийн үр дүнгээс хамааралтай цалинждаг. Одоогийн нөхцөл байдлаас хамааран ажлын хуваарьт бага зэргийн нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ