"Ажил хэрэгч өглөөний цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-14 12:55:46

Архангай /МОНЦАМЭ/. "Ажил хэрэгч өглөөний цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга Д.Золжаргал лхагва гараг бүрийн өглөө уулзалт зохион байгуулж эхэлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 13-нд аймгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцжээ. Уулзалтад Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Оюунтүвшин болон өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эмч, хувийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудын төлөөлөл оролцжээ.

Засаг дарга Д.Золжаргал, “Вирусийн тархалт нэмэгдэж, цаашид үргэлжлэх хугацаа тодорхойгүй байгаа энэ үед бид эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжин ажиллах нь чухал. Иймээс Архангай аймаг 2021 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон олон хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана. Мөн ирэх дөрвөн жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын 68 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр бид ажиллаж эхэллээ. Та бүгдийн санал хүсэлтийг хүлээн авч, цаашид хамтран ажиллах болно” хэмээн уулзалтын эхэнд дурджээ.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Э.Дашзэгвэ нар уулзалтад оролцож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болоод эмч ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тухайлбал, 2 дугаар багийн өрхийн ЭМТ-ийн барилга муудсан, засварын ажил хийх шаардлагатай байгааг хэллээ. Бусад багийн төвийн ЭМТ-үүдэд ч урсгал засвар хийх шаардлагатай байна гэлээ. Мөн сургуулиудад эмч, сэтгэлзүйч, цэцэрлэг бүрт мэргэжлийн эмч ажиллуулж, цалин, ажиллах нөхцөл боломжийг хангаж өгөх талын саналууд хэлсэн. Эдгээр гарсан саналууд нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан учраас тухай бүр шийдэгдээд явна гэв.


Холбоотой мэдээ