Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-10 градусаар хүйтэн байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-14 19:04:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-10 градусаар хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.


2021 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар гарсан зудын эрсдэлийн зурагт Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Халиун, Дэлгэр, Бигэр сумын нийт нутаг, Чандмань, Цээл, Тонхил, Төгрөг, Цогт сумын ихэнх нутгаар зудын эрсдэл нэн их байгаа ажээ. Харин Дарви, Шарга, Цогт, Алтай, Эрдэнэ сумын нийт нутаг, Бугат сумын Биж, Ферм, Гаханч, Хөхморьт сумын Цоохор нуур, Завхан гол, Баян-Уул сумын Хүйсийн говь, Баянбогд, Баянговь багийн нутгаар их эрсдэлтэй, Бугат сумын Сүж, Хөхморьт сумын Хүйсийн говь, Сангийн далай, Баян-Уул сумын Алтангадас, Баянхайрхан, Чандмань хайрхан багийн нутгаар дунд эрсдэлтэй гарсан байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Говь-Алтай аймгийн нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа юм. Түүнчлэн нийт нутгийн 70 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-10 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн мэдээллийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж олон нийтэд хүргэх ажээ.


Холбоотой мэдээ