Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-19 10:19:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ-аас нисэгчгүй нисдэг аппарат худалдаж авахыг хязгаарлах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Нисэгчгүй онгоцуудыг манай хууль сахиулах байгууллагууд, түүнчлэн байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэхэд ашигладаг. Манай өрсөлдөгчдийн үйлдвэрлэсэн аппаратуудыг ашиглах нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байна. Дронуудыг ашиглан явуулдаг АНУ-ын Засгийн газрын ажиллагаа нь нууц мэдээллийг цуглуулах, хадгалахтай холбоотой байдаг. Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа аппаратуудыг эсвэл программ хангамж, чухал ач холбогдолтой электрон эд ангиудыг "гадаадын сөргөлдөгч" орнуудаас худалдан авахад татвар төлөгчдийн мөнгийг ашиглахаас урьдчилан сэргийлэх нь АНУ-ын бодлого юм. Энэхүү баримт бичгийн гол зорилго бол дотооддоо үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийн хэрэглээг дэмжих юм” гэж зарлигт онцлон тэмдэглэсэн байна.


"Гадаадын сөргөлдөгч" гэдэг нэр томъёо нь БНАСАУ, Иран, Хятад, Орос эсвэл Худалдааны яамны тодорхойлсноор АНУ-ын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх урт хугацааны үйл ажиллагаанд оролцдог бусад улс, нутаг дэвсгэр, төрийн бус байгууллагуудыг хэлнэ" гэж зарлигт дурджээ


Холбоотой мэдээ