ӨАБНУ-д тархсан коронавирусний шинэ хувилбар илүү хурдан халдварладаг болохыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-19 10:27:23

ПРЕТОРИЯ. /Reuters/. Өмнөд Африкийн эрдэмтэд хэд хэдэн судалгаа явуулж, тус улсад илэрсэн коронавирусний шинэ хувилбар илүү хурдан халдварладаг болохыг нотолжээ.


Коронавирусний “501.V2” төрөл  нь хүний биеийн эсэд илүү амархан нэвтэрч, бусад төрлөөсөө илүү тэсвэртэй байдгийг ӨАБНУ-ын Тархвар судлаач эмч Салим Абдул Карим цохон тэмдэглэжээ. Иймд илүү хурдан халдварлах чадвартай гэдгийг тэрбээр “501.V2” төрлийн генетикийн судалгааны үр дүнгийн талаарх илтгэлдээ онцолсон байна. 


Хувьсан өөрчлөгдсөн коронавирусний “501.V2” төрлөөс үүдэлтэй цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэн тухай ӨАБНУ-ын эрх баригчид 12 дугаар сарын 21-нд мэдэгдсэн. Хувьссан коронавирус Энэтхэгийн далайн эрэг орчмын Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бэй тойрог өнгөрсөн 10 дугаар сард илэрчээ. Судлаачдын үзэж буйгаар мутацид орсон вирус залуу хүмүүст голчлон халдварлаж байгаа аж.


ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамапоса 12 дугаар сарын 28-нд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ цар тахлын хоёр давлагаа маш хурдацтай дэгдэж, өмнөхөөсөө илүү хүчтэй, хор уршигтай байх эрсдэлтэйг анхааруулжээ.


Одоогоор тус улсад халдвар авсан хүний тоо Африкийн бусад орнуудаас хамгийн өндөр буюу 1 337 926 болж, халдварын улмаас 37 105 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ