Дорноговь аймгийг “Ногоон бүс” болгохоор ажиллаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-19 14:25:03

Дорноговь/МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тархаад байгаа коранавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд тандалтаар 14 цэгт 30 эмч мэргэжилтэн ажиллаж, PCR шинжилгээг 32537 хүнээс авсан бол түргэвчилсэн оношлуураар 20527 хүнд шинжилгээ хийжээ. Өссөн дүнгээр  25799  хүн буюу нийт хүн амын  36.8 хувьд 53064 удаа шинжилгээ хийсэн байна.

Салбарын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг нийт 630 хүн, 23 автомашин үзүүлж, “Ковид-19” халдварын тусламж үйлчилгээг  66 хүн, хоёр автомашин, нөөцөд 168 хүн, 11 автомашин ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, бусад салбар байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласнаар халдварын голомтыг цомхотгож, Дорноговь аймгийг "Ногоон бүс" болгохоор ажиллаж байна.

Холбоотой мэдээ