Татан авалтаар ирсэн 84 зорчигчийг гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-21 13:36:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг цар тахлын голомтот бүсээс татан авалтаар ирсэн иргэдийг  бүртгэлжүүлж тусгаарлалтад шилжүүлэх ажлыг хийж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

-“Энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай аймаг Улаанбаатар хотод байгаа аймгийнхаа оршин суугчдыг татан авах ажлыг эхлүүлсэн. Аймгийн онцгой комиссын энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотоос Завхан аймагт оршин суух иргэдээ нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл татан авах” тухай шийдвэр гарсан. Эхний татан авалтаар буюу 19-ний өдөр Улаанбаатараас гарсан нийтийн тээврийн хоёр автобусаар ирсэн зорчигчдыг нэгдүгээр сарын 20-ны өдөр Улиастайн пост дээр хүлээн авлаа. Нийтийн тээврийн хоёр автобусаар ирсэн 84 зорчигчийг хүлээн авч, гэрийн тусгаарлалтад шилжүүлээд байна. Энэ ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулсан байна. Аймгийн хэмжээнд голомт бүхий бүс нутгаас ирсэн, гэрийн тусгаарлалтад байгаа нийт 373 иргэн байна. Эдгээр иргэдэд 42 төрийн байгууллагын 510 энгийн ажилтан алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид хамтран өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн аймгийн Онцгой комиссын шийдвэр, гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээцгээе” гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  



Холбоотой мэдээ