Хөдөөг хоршоодод тулгуурлан хөгжүүлэх загварыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-25 15:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Борнуур, Сүмбэр суманд малчдын дунд бэлчээр ашиглагчдын 12 хэсэг байгуулагджээ. Хэсгүүд бэлчээр ашиглах талаар сумын Засаг дарга нартай гэрээ хийн, дундын сан бүрдүүлэн хуримтлалтай болж, малчдын хэрэгцээнд зориулан 70 га талбайд тэжээлийн нэг болон олон наст тэжээл тариалж, 30 сая төгрөгийн эх үүсвэр бүхий 15 бичил төсөл хэрэгжүүлжээ. 

Энэ нь хэдийгээр Швейцарын Хөгжлийн агентлагийн "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд хийж буй ажил боловч малчид хоршин ажиллаж байгаагийн нэг тод жишээ аж. Улмаар малчдын эцсийн зорилго нь эдийн засгийн төдийгүй, нийгэм, соёлын хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дураар нэгдэн анхан шатны хоршоо байгуулан ажиллах явдал юм гэдгийг малчдад зориулан гаргасан "Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо" гарын авлагад дурджээ. 

Учир нь хоршоо одоо аймаг, орон нутагт түгээмэл буй зөвхөн малын түүхий эдээ цуглуулж худалдах явдал бус, өөрсдийнхөө төлөө хамтран ажиллаж хөдөлмөрлөн, тулгамдсан асуудлаа шийдэж, хөрөнгө хүчээ нэгтгэн хамтын оролцоо, хамтын удирдлагаар аж төрөх явдал юм. Түүнээс биш энэ нь мөнгөө өсгөдөг ашиг хуримтлуулдаг ашгийн төлөө байгууллага огт биш гэдгийг гарын авлагад тусгажээ.  

Гарын авлагыг ХХААХҮЯ-ны Судалгаа хөгжлийн төвөөс Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран гаргажээ. 


Тодруулга: Монгол Улсын Хоршооны тухай хуульд хоршоог, "Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураар нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээд" гэж тодорхойлжээ. Хоршоо нь анхан шатны болон дундын төрлөөр, үйлдвэрлэлийн, түүхий эд боловсруулалтын, борлуулалтын, үйлчилгээний гэх мэт хэлбэрээр ажиллана гэжээ. 


Холбоотой мэдээ