М.Батсуурь: Энэ онд бодлогын аудит хийх чиглэлд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-26 13:28:50

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Батсуурьтай ярилцлаа. 


-Увс аймаг дахь Төрийн аудитын газрын талаар мэдээлэл өгөөч?

-Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан 12 орон тоотой. Бид төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн 3 төрлийн аудитыг хийж гүйцэтгэдэг. Санхүүгийн тайлангийн аудитын тухайд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглабарын дагуу 1-р сарын 25-наас 4-р сарын 25-ны хооронд хийнэ, одоогоор бэлтгэл ажил явагдаж байна. Санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй”, “Хязгаарлалттай”, “Сөрөг”, “Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” гэсэн 4 төрлийн дүгнэлтийг өгдөг ба дүгнэлтийг тухайн аудитаар гарсан зөрчлөөс хамаарч сонгодог. 

-Өнгөрсөн онд хэчнээн аудит хийсэн бэ?

-2020 оны тухайд Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” гэсэн зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлж ажиллалаа. Төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн тайлангийн 304, гүйцэтгэлийн 6, нийцлийн 8 нийтдээ 318 аудитыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Сонгуулийн жил байсантай холбоотойгоор нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоох, мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх, хандивын тайланг хянан баталгаажуулах, сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх гэх мэт дөрвөн төрлийн аудит хийсэн. Мөн УИХ-ын болон орон нутгийн сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт өглөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, ОНХС, Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал зэрэг нэгдсэн удирдамжтай аудит гээд олон онцлог аудитуудыг хийлээ. Ер нь аудит бүрээс үр дүн гарах ёстой гэж хийдэг. Аудитаар илэрсэн алдаанд залруулга хийхээс гадна алдааг давтан гаргахгүй байх зөвлөмж өгөх чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Аудитын ажлын үр дүн, илэрсэн зөрчлийн тухайд?

-Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрийн акт тогтоох, зөрчлийг арилгах, давтан гаргуулахгүй байх үүднээс албан шаардлага өгдөг. Өнгөрөгч онд хийсэн аудитуудын үр дүнд нийт 4.8 тэрбум төгрөгийн 279 алдаа, зөрчил илрүүлснээс 1.6 тэрбум төгрөгийн 74 алдаа зөрчлийг аудитын явцад залруулсан. Мөн залруулах боломжгүй 2.2 тэрбум төгрөгийн 36 төлбөрийн акт тогтоож, 618.7 сая төгрөгийн 46 албан шаардлага, 299.1 сая төгрөгийн 101 зөвлөмж, хариуцлага тооцуулах 22 албан шаардлага өгч ажилласан. Мөн тайлант онд гүйцэтгэсэн аудитын хүрээнд нийт 3.2 тэрбум төгрөгийн үр өгөөж бүртгэж, харилцагч байгууллагаар 9.2 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрүүлсөн ба төсвөөс авсан санхүүжилттэй харьцуулахад 1 төгрөгт ноогдох үр өгөөж 17.1 төгрөг байна. Үр өгөөж гэдэг ойлголт нь аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын үр дүнд байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төсвөө хэмнэсэн, үр ашигтай зарцуулсан, гарцын чанарыг дээшлүүлсэн байвал аудитаас үр өгөөж гарч байна гэж үздэг. 

-Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагагүй байдлаас болж илэрсэн зөрчил байгаа юу?

-Аудитын үр дүнд зөрчил гаргасан 25 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар 22 албан шаардлага хүргүүлж, 21 албан шаардлагын хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн эрхээ хэтрүүлсэн, эсвэл хууль журмын хүрээнд хэрэгжүүлээгүй зөрчил гарч байна. Иймд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

-Ер нь төрийн аудит хэр шударга, бодитой хийгддэг вэ?

-Төрийн аудитын байгууллагын албан хаагчид дээрх 3 төрлийн аудитыг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдлээ хөтөлсний дараа хийдэг. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэмд хууль дээдлэх, шударга байдлыг хангах, хараат бусаар ажиллах, төрийн болон албаны нууцыг хадгалах зэрэг зарчмуудыг тусгасан байдаг. Иймд манай ажилтан бүр ажлын үүрэг, хариуцлагаа ухамсарлан хуулийн хүрээнд ажилладаг гэдгийг хэлэх байна. Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутаг дахь төрийн аудитын байгууллага нь 4 хүртэлх аудитыг өөрийн санаачилгаар хийнэ гэж тусгасан. Харин бусад аудитыг Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжаар хийдэг. Цаашид төрийн аудитын байгууллага бодлогын аудит хийх чиглэлд анхаарч ажиллана. 

-Аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлд ахиц гарсан уу?

-Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2020 оноос Төрийн аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага болсон. Нэг ёсондоо төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн тогтолцоо үйлчилж эхэлсэн бөгөөд үндсэн хуулийн байгууллага болсон дэлхийн 136 дахь аудитын дээд байгууллагаар бүртгэгдсэн. 

Мөн Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналт, эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын Төрийн аудиттай холбогдсон хууль тогтоомж стандарт туршлагыг судалсны үндсэн дээр “Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга” 2020 оны 5-р сарын 1-ний өдөр батлагдаж, 6-р сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхлээд байна. 

-Таны хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ?

-Ер нь аливаа ажил хувь хүний өөрийнх нь хандлагаас ихээхэн хамаардаг. Дэлхий нийтээр ч үүнийг хүлээн зөвшөөрч байна.

 Миний хувьд ажлын хамт олон, хамтран ажиллаж байгаа төрийн албан хаагч нартаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг уриалдаг. Ингээд Төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч, нягтлан бодогч нартаа хандан төсвийн хөрөнгийг хууль журамд заасны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай захиран зарцуулахыг хүсье. Увс аймгийн хөгжил та бүхний үйл ажиллагаатай салшгүй холбоотой шүү гэдгийг онцолж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

                



Холбоотой мэдээ