Газраар ирэх боломжгүй иргэдийг агаарын тээврээр татан авахаар ярилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-26 21:08:50

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Шуурхай штабаас хувийн тээврийн хэрэгслээр орон нутагтаа ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтыг мөрдөхгүй байгааг сануулав.

-“Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас нийслэлийн Шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн  дээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр татан авч байна. Мөн эдгээр өдрүүдэд хувийн тээврийн хэрэгслээр орон нутагтаа ирэхийг зөвшөөрсөн билээ. Гэвч хувийн тээврийн хэрэгслээр ирж буй хөдөөгийн  сумын иргэд унаа хайж аймгийн төв, Улиастай суманд сэлгүүцэх зөрчил гарч байна. Иймд иргэн бүр үүргээ ухамсарлаж, өөрийн сум руу явах унаагаа аймгийн төвд бэлэн байлгахыг онцгойлон анхааруулж байна. Мөн энэ удаагийн хурлаас зарим сумын багийн дарга нар хуурамч тодорхойлолт гаргасан нь тогтоогдож байна. Иймд сум, багийн Засаг дарга нар өөрийн гаргаж буй тодорхойлолтынхоо хариуцлагыг хүлээнэ гэдгийг хатуу анхааруулж байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгаанаас бусад бүх тохиолдлуудад хөдөлгөөний хязгаарлалт хийж иргэд хүлээж авахгүй. Тиймээс дээрх хугацаанд шаардлагатай зорчих хөдөлгөөнөө хийж дуусгахыг онцгойлон анхааруулж байна. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй байдлаа бүрэн хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй. Манай аймаг хамгийн олон иргэнээ татан авч буй тул эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэн бүр ухамсартай байхыг сануулж байна. Эдгээр иргэд гэрийн тусгаарлалтын хугацаагаа чанд мөрдөхийг хүсье. Эмчилгээ хийлгэсэн, газраар ирэх боломжгүй иргэдээ агаарын тээврээр татан авахаар ярилцаж байна” гэв. Ташрамд Монгол шуудан болон, ачаа тээврийн автомашинуудын хөдөлгөөн хэвийн байгаа аж. 

Холбоотой мэдээ