Зарим суманд туулах чадвар сайтай автомашин өглөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-28 11:55:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг дээрх 3 сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж, сумын удирдлагуудад нь хүлээлгэн өгчээ.
Энэ зун хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрсэн. Отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа тэрэг эвдэрсэн, асуудал бэрхшээл олон тулгардаг. Аймгийн төвөөс алслагдсан Сэврэй, малчид оторчид олонтой Хүрмэн, Ханхонгор суманд тулгарч байсан асуудлын нэгийг ийнхүү шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч байна. Үүнээс гадна манай аймаг ногоон бүс болж сумдууд "Ковид-19" халдварын эсрэг сайн тэмцэж байна. Ийм үед зарим сумын унаа эвдэрч өвөлжилт хүндрэлтэй байгаа газраа хүрч чадахгүйд хүрч байна. Тиймээс аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг шилжүүлж өгч байна" гэлээ.
Холбоотой мэдээ