Уул уурхайн салбар авлигын 15 эрсдлээ тодорхойлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-07 15:46:57

Уул уурхайн салбарт авлигын ямар эрсдэл тулгарч буй талаарх судалгааны дүнг  “Хараат бус судалгааны хүрээлэн” (IRIM)-ээс хийсэн бөгөөд уг  салбар авлигад өртөмтгий байх хандлага илэрсэн хэмээн өнөөдөр Пума империал зочид буудлын хурлын танхимд болсон танилцуулгын үеэр мэдээлэв.

 Уг хэлэлцүүлгийг  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн(НҮБХХ) төлөөлөгч Биата Транкман нээж хэлсэн үгэндээ: “Монгол улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд 2005 онд нэгдэн орсноор авлигаас сэргийлэх асуудал нь Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээж буй үүрэг болсон билээ. Миний үзэж буйгаар уул уурхайн салбарын авлигын эрсдлийн ихэнх нь ил тод бус, хууль тогтоомж тодорхойгүй, өөр хоорондоо зөрчилтэй, шийдвэр гаргахад  орон нутгийн удирдлага, олон нийтийг оролцуулах, холбогдох талуудтай зөвлөлдөх байдал сул байгааг тэмдэглэхийг хүсч байна” хэмээв.

Энэхүү судалгааны мэдээллийг цуглуулахад Уул уурхайн яам,, Ашигт малтмалын газар, МХГ, БОНХАЖЯ, АТГ, Сэлэнгэ,Өмнөговь аймгийн удирдлага, холбогдох төрийн байгууллагаас гадна уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд оролцжээ.

Монгол улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг уул уурхайн салбар ил тод, хариуцлагатай, авлигаас ангид байх хэрэгцээнд үндэслэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар “Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах” олон улсын аргачлал дээр тулгуурлан уг судалгааг гаргажээ. Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалт, бүртгэл, зөвшөөрөл, хяналтын механизмыг үе шат бүрээр нарийвчлан судалж авлигын эрсдлийг тодорхойлсон ийм судалгааш  урьд өмнө хийж байгаагүй аж. Судалгааны үр дүнд геологи, уул уурхайн салбарт  хайгуул, ашиглалтын болон ашиглалтын дараах үе шатуудад үүсч болох хамгийн түгээмэл 15 төрлийн авлигад өртдөг эрсдлийг тодорхойлж, эрсдлийн түвшинг тооцжээ.

Тухайлбал:

Хайгуулын, тусгай зөвшөөрөл авахтай холбоотой авлигын эрсдэл нь төрийн байгууллагуудын мэдээллийн сан нэгдсэн бус, тогтмол шинэчилдэггүй, тусгай зөвшөөрөл авах гэж буй этгээдэд  тавих шаардлгагыг хэр зэрэг хангасан тухай мэдээлэл нь ил тод бус, мөн орон нутгаас санал авах үйл явц нарийн зохицуулагдаагүй зэргээс үүдэлтэй байна. Харин уурхайн ашиглалтын өмнөх болон ашиглалтын явцад нөөцийн тооцоо, үнэлгээг багаар тогтоолгох, техник-эдийн засгийн үндэслэлийг шуурхай батлуулах, бүтээн байгуулалтын зөвшөөрлийг богино хугацаанд авах, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхтэй холбоотой авлигын эрсдэл гардаг. Мөн төлөвлөгөө, тайлан нь чанарын шаардлага хангахгүй байх эсвэл торгууль, хохирол үүссэн үед хахуулиар асуудлыг шийдэх гэсэн оролдлого гардгийг судалгаанд оролцогчид дурджээ. Түүнчлэн энэ үе шатанд гардаг авлигын нэг томоохон эрсдэл нь орон нутагт хандив, тусламж үзүүлэх нэрийдлээр хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг орон нутгийн удирдлагаас байнга хүсдэг нь уул уурхайн компаниудад дарамт учруулахын зэрэгцээ уг орлого албан ёсоор бүртгэлгүй өнгөрдөг.

Уурхайн ашиглалтын дараах үе шатны хувьд Монгол улс уул уурхайн хаалтын туршлага багатайн зэрэгцээ уурхайн хаалттай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт маш дутуу, бүрхэг, ерөнхий байдаг хэмээн Уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээ, судлгааны тайланг танилцуулах уулзалт хэлэцүүлгийн үеэр онцлов.

Г.Уранчимэг

Холбоотой мэдээ